Коронавируст халдвартай 889 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-04-19 11:04:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 23 лабораторид хийсэн шинжилгээгээр 889 хүнд халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлын 885 нь дотоодын халдвар бол дөрөв нь эмнэлгээс шалтгаалсан халдвар авчээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 767, орон нутагт 118 тохиолдол бүртгэгджээ.


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд “COVID-19” халдварын батлагдсан тохиолдол 22 884 болж байна. Сүүлийн 24 цагт 524 хүн эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо  12 401 боллоо.   


Түүнчлэн коронавируст халдвартай 5 хүн өчигдөр нас баржээ. Тодруулбал, 75 настай эмэгтэй энэ сарын 11-нд онош нь батлагдаж Ачтан эмнэлэгт эмчлүүлж байсан, 55 настай эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан, 34 настай эрэгтэй энэ сарын 15-нд онош нь батлагдсан, БЗД-ийн 4-р хороонд оршин суудаг,  57 настай эрэгтэй гуравдугаар сарын 31-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан, 61 настай эрэгтэй энэ сарын 16-нд онош нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. 

Ингэснээр манай улсад коронавируст халдварын улмаас нийт 49 хүн нас бараад байна.


Одоогоор коронавируст халдвартай 3366 хүн эмчлүүлж байгаагаас 63 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин 241 нь хүнд,  869 нь хүндэвтэр байгаа бол  2193 хүн хөнгөн оноштой байна.


 

Холбоотой мэдээ