Патент эзэмшигч гэсэн томьёоллыг шинэчлэн тодорхойлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-20 18:14:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. 


Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.


Ажлын баг төслийн талаарх зарчмын зөрүүтэй 7, найруулгын шинжтэй 2 саналын томьёоллыг бэлтгэжээ. Тухайлбал, УИХ 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Оюуны өмчийн тухай хуулийг хэлэлцэн баталсантай холбогдуулан хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс тус хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулан тусгасан байна. Төслийн нэр томьёоны хувьд “патент” болон “ашигтай загвар” гэсэн тодорхойлолтыг шинэчлэн томьёолж, “патент” гэдэг нь тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлжээ. Патент эзэмшигч нь тодорхой хугацаанд онцгой эрх эдлэх эрхийг, “ашигтай загвар” гэдэг нь багаж хэрэгсэл, түүнтэй адилтгах бүтээгдэхүүнд хамаарах техникийн шийдлийг хэлнэ хэмээн тус тус томьёолсон байна.



Патентын эрх сунгуулах хуульд заасан хөнгөлөх хугацаа дууссанаас хойш патент ашиглах эрхгүй этгээд патентыг ашигласан бол эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцохоо тугасан. Мөн патент эзэмшигч патентыг эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс албан ёсоор татгалзсан тохиолдолд патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамж төлөх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах эрхгүй байхаар, патентыг хүчинтэй байлгах хугацааны хураамжийг төлөөгүй бол патент эзэмшигчийг патентын эрхээсээ татгалзсанд тооцож, патентыг хүчингүй болгох бөгөөд энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэхээр тус тус тусгасан гэв.


Ажлын багийн танилцуулгын дараа төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн 3 дугаар зүйл, 41 дүгээр зүйл, 49 дүгээр зүйл, 53 дугаар зүйлтэй холбогдуулан ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд, найруулгын саналаар нэг бүрчлэн санал хураан шийдвэрлэв. Ийнхүү Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ