Монголын бондын зах зээлийн гарын авлага гаргаснаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-04-21 12:29:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний валютаар арилжаа хийдэг дотоодын бондын зах зээлийг хөгжүүлэх нь улс орнуудын хувьд чухал байдаг. Ялангуяа "COVID-19" цар тахлын дараа эдийн засгаа сэргээхийг зорьж буй цаг үед улам их ач холбогдолтой болж байна. Бондын зах зээл сайн хөгжсөн байх тусам дэд бүтцийн санхүүжилтийг дэмжиж, улмаар Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн цаашдын хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Монголын Бондын зах зээлийн гарын авлагад тэмдэглэжээ. Гарын авлага нь Монгол дахь төгрөгийн бондын зах зээлийн талаарх цогц мэдээллийг агуулсан байна.


Хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулагч нарт компанийн өрийн бичиг, хувьцаа болон бондыг арилжих эрх зүйн орчныг бий болгож, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлэх нь Монгол Улсын бондын зах зээлийг хөгжүүлэхэд нэн чухал болохыг АХБ-ны тайланд дурджээ.

Монгол Улс нь Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН, Япон, БНХАУ болон БНСУ-ын хамт АСЕАН+3 Бондын Зах зээлийн чуулганд 2019 оноос хойш идэвхтэй оролцож ирснийг мөн дурджээ. Энэ талаар АХБ-ны ерөнхий эдийн засагчийн орлогч Жозеф Эрнест Звеглич хэлэхдээ, “АХБ нь Азийн бондын зах зээлийн санаачилга (АБЗЗС)-ын хүрээнд хуримтлуулсан мэдлэг, туршлагаа хуваалцах зорилгоор АСЕАН+3 бондын зах зээлийн цуврал гарын авлагыг боловсруулж ирсэн”-ийг онцолж байна. Тэрээр,  “Монголын Бондын зах зээлийн гарын авлагыг энэхүү цувралын хүрээнд боловсруулж, нийтийн хүртээл болгосноор Монгол Улсын төгрөгийн бондын зах зээлийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, цаашдын хөгжлийг ахиулахад түлхэц болно гэж бид найдаж байна” хэмээн тэмдэглэв.


АХБ нь Бондын зах зээлийн гарын авлагыг дотоодын бодлого боловсруулагч нар болон зах зээлд оролцогчидтой нягт зөвлөлдсөний үндсэн дээр бонд гаргагч, хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зуучлагчдад тухайн улсын дотоодын нөхцөл байдлыг ойлгоход нь туслах, тэдгээрийг бүс нутгийн хурдацтай хөгжиж буй бондын зах зээлд илүү идэвхтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бэлтгэн гаргадаг байна. 




Монголын Бондын зах зээлийн гарын авлагыг АХБ болон Монгол Улсын Сангийн яам хамтран саяхан олон нийтэд танилцуулсан юм. Вебинарын нээлтийн илтгэлийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуул тавьж, АХБ-ны Санхүүгийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Сатору Ямадера төгрөгийн бондын зах зээлийн хөгжлийн ач холбогдлыг танилцуулав. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б.Өлзийбаяр, Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор, АХБ-ны зөвлөх Д.Билгүүн нар Монгол Улсын эдийн засгийн сүүлийн үеийн хөгжил, АБЗЗС-ын хүрээнд олж авсан сургамж болон зах зээлийн хөгжлийн цаашдын алхмуудын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Вебинар танилцуулгад АСЕАН+3 бондын зах зээлийн форумын гишүүд, АСЕАН+3-ын албан ёсны төлөөлөгчид, Европын хөрөнгө оруулагчид, Монголын санхүүгийн байгууллагуудын 180 орчим төлөөлөгч оролцож, Монголын төгрөгийн бондын зах зээлийн тогтолцооны талаар хэлэлцэн, Монголын санхүүгийн зах зээлийн цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.


Холбоотой мэдээ