Аймгийн хэмжээнд нийтийг хамарсан эцсийн халдваргүйжүүлэлт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-04-22 16:21:39

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр хуралдаж, аймгийн хэмжээнд нийтийг хамарсан эцсийн халдваргүйжүүлэлтийг хэрхэн зохион байгуулах тухай авч хэлэлцлээ.

Хурлаар ирэх өдрүүдэд тусгай горимоор ажиллаж буй Төрийн байгууллага, ААН, банк, хүнсний дэлгүүрүүдийн дотоод орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөж, харьяа албаны удирдлагууд холбогдох арга хэмжээг авч ажиллахаар боллоо. Харин гадаад орчны ариутгал халдваргүйжүүлэлтийг ирэх өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлаас хамааран түр хойшлуулахаар шийдвэрлэв. Учир нь хасах хэмийн темпаратурт халдваргүйжүүлэлтийн бодис үйлчлэхгүй, 100 хувийн үр дүн гардаггүй тухай мэргэжлийн байгууллагууд дурдлаа. 

Мөн эдгээр өдрүүдэд иргэн бүр хариуцлагатай байж, халдваргүйжүүлэлт хийсэн тухайн орчин нөхцөлд иргэдийн хөдөлгөөн хязгаарлах, мэдээллээр ханган ажиллахыг холбогдох албаны мэргэжилтнүүдэд чиглэл өгөв.

Холбоотой мэдээ