Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг гуравдугаар улиралд барьж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-28 15:37:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Таван толгойн ордыг ашиглах ажлыг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг батлав.


Тогтоолоор, Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан тус тус  эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгов.


Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байр нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал юм.


Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ.


Нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тн/жил хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх бөгөөд үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь 30 сая тн/жил байх юм. Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж байна. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлнэ.  


Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой аж.

Холбоотой мэдээ