Дэлхийн дуурийн урлагийн 16 шилдэг дуучны нэгээр МУГЖ Э.Анхбаяр шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-04-29 10:32:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "BBC Cardiff Singer of the World 2021" уралдаанд МУГЖ, Улсын филармонийн гоцлол дуучин, баритон Э.Анхбаяр оролцохоор шалгарчээ.

 

ИБУИНВУ-ын Уэлсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутам 18-32 насны дуурийн дуулаачдын дунд 1983 оноос зохион байгуулж эхэлсэн энэхүү уралдаан 20 дахь удаагаа 6 дугаар сарын 12-19-нд болно. Цаг үеийн байдлаас шалтгаалан уралдаанд оролцогсдыг виртуал хэлбэрээр сонсон шалгаруулжээ.


Энэ жил тус уралдаанд 74 орны 518 дуучин мэдүүлгээ ирүүлсэн байна. Тэдний бичлэгийг шүүгчид сонсож уралдааны сүүлийн шатанд оролцох 15 орны 16 шилдэг дуучдыг шигшин шалгаруулсны дотор  МУГЖ Э.Анхбаяр багтжээ.

 

Дэлхийн дуурийн дуучдын дунд зохиогддог уралдаан тэмцээний оргил нь гэж үнэлэгддэг энэхүү нэр хүндтэй уралдаанд анх 2015 онд МУГЖ Э.Амартүвшин тэргүүтэй Монголын дуучид оролцож, Үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэн, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байв.

2017 онд МУГЖ Г.Ариунбаатар, СТА Б.Батжаргал нар шилдэг 20 дуучны тоонд багтан Кардиффын уралдаанд амжилттай оролцож, МУГЖ Г.Ариунбаатар шилдэг тавд багтаж, Романсын төрөлд түрүүлсэн юм.

2019 онд МУСТА Ч.Бадрал шилдэг 19 дуучны нэгээр шалгарч байв.

2021 онд Монголын залуу дуурийн дуучид хамгийн олноор уг уралдаанд оролцохоор өргөдөл гаргасан юм.

 

Холбоотой мэдээ