Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоон үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-04-30 14:14:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.


Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоохын чухлыг олон нийтэд сануулах энэ өдрийг 1998 оноос анх АНУ-д санаачилсан. Энэхүү үйл хэрэгт 2001 оноос улс орнууд нэгдэн, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болсон юм. Энэ өдөр дэлхийн улс орнуудад эцэг эхчүүдийг хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, хүмүүжүүлж байгаагаа эргэцүүлэн бодохыг, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг билээ.


Монгол Улсын хувьд 2006 оноос Хүүхдийг Ивээх сангийн санаачилгаар энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд тус байгууллагаас Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсооход чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүхий л орчинд хуулиар хориглохыг эрх баригчдад болон олон нийтэд ухуулан сануулж ирсэн.


Энэ жил “Ковид-19 тахлын хорио цээрийн үед эцэг эхчүүд үндсэн гол мэдээллээ ТВ, радио, цахим сүлжээгээр дамжуулан авч буй. Ийм үед эцэг эхчүүдийг Хүүхдийг Ивээх сангийн фэйсбүүк хуудсаар зочилж, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалж байна. 


Эл өдрийг тохиолдуулан “Save the Children in Mongolia” цахим хуудсаар дамжуулан эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн эерэг, зөв аргаар хүмүүүжүүлэх талаар зөвлөгөө өгнө. Цар тахлын улмаас нийгмийн уур амьсгалд элдэв сөрөг мэдээлэл их байгаа, хүүхэд болоод эцэг эхчүүдийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн нь нийтээрээ стресс бухимдалтай байх, түүнийгээ шийдвэрлэж чадахгүйгээс хямарч бухимдаж байна. Тиймээс энэхүү цаг үеийг хэрхэн даван туулах, хүүхэдтэйгээ харилцах хүмүүжүүлэх боломж болгон хувиргах, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх талаарх зөвлөгөөг бүтэн өдрийн туршид цуврал байдлаар хүргэх юм.



Дэлхийн улс орнуудад  хүүхдийг зодож шийтгэхэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар олон судалгаа хийсээр байгаа бөгөөд 88 судалгааны дүнг нэгтгэж үзэхэд бие махбодын шийтгэл аюултай гэж дийлэнх нь нотолсон байна.


Эцэг эхдээ зодуулж шийтгүүлдэг хүүхдийн зан араншинд ямар сөрөг нөлөө гардаг талаар судлахад тэдгээр хүүхэд догшин, түрэмгий, ёс суртахуунгүй, сэтгэцийн эрүүл мэнд дорой байдаг байдал ажиглагджээ.

Эцэг эхийг оролцуулсан өргөн хэмжээний судалгааны дүнгээс харахад хүүхдээ алгадсан таван эцэг эхийн хоёр нь “арай хэтрүүлчихдэг” гэж хэлсэн байдаг. Тулгамдсан нөхцөл байдалд хүний тархинд өөрчлөлт гарч, хэдий хэмжээний хүч хэрэглэж байгааг зөв тооцоолох чадвар алдагддаг бөгөөд улмаар өөрийн бодож байснаас хүчтэй болдгийг Сэтгэл судлалын институт, Лондонгийн их сургуулиас хийсэн судалгааны дүн нотолсон байна.


Манай улсад хийсэн зарим судалгаагаар хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн тоон үзүүлэлт нэмэгдэх хандлагатай байна.


2020 оны 3 дугаар сард хүүхдийн эсрэг бие махбодийн хүчирхийлэл өмнөх сарын мөн үеийнхээс 32.9 хувь, 2019 оны 2 дугаар сарын мөн үеийнхтэй харьцуулахад 46.8 хувиар өссөн дүн бүртгэгджээ.

Хүүхдийн эсрэг сэтгэл санааны хүчирхийлэл 2020 оны 2 дугаар сард 2019 оны 2 дугаар сарынхтай харьцуулахад 57.6 хувиар нэмэгдэж бүртгэгджээ. Хүүхдийн эсрэг үл хайхрах хүчирхийллийн дуудлага 2020 оны 2 дугаар сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 22.5 хувиар өссөн байна. Хүүхдийг Ивээх сангаас 2017 онд хийсэн “Өсвөр үеийнхний дуу хоолой” судалгаа дүнгээс харахад 40.7 хувь нь бусад хүүхдийг зодуулж дээрэлхүүлж байхыг харсан байна.


2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар 1-14 насны 15.168 хүүхдээс авсан судалгаагаар сүүлийн нэг сарын дотор аав ээж нь хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд ямар нэгэн хүчирхийллийн аргыг 49.1 хувь нь хэрэглэсэн байна. Үүнээс сэтгэл санааны хүчирхийллийг 40.4 хувь байсан бол, бие махбодын шийтгэлийг 28.0 хувьд нь үзүүлсэн байна. Хүнд буюу алгадах, цохих, маш олон удаа цохиж зодуулсан хувь нь 5.2 хувь нь байсан байна.

Холбоотой мэдээ