Яргуй дэлгэрэх 5 дугаар сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-05-01 16:06:37


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021 оны  5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ. “Монгол орны ихэнх гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч зарим голын эхээр битүү мөсөн бүрхүүлтэй хаврын мөсний үзэгдэл идэвхжижээ. Цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний үлдэгдэл мөс хайлж, мөсний нягт багасаж, мөс өргөгдөн хэврэгших тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх” гэж анхааруулан зөвлөсөн байна. Тус байгууллагаас 4 дүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдалд ерөнхий ажиглалт хийж дээрх дүгнэлтэд хүрчээ. Энэ сард ихэнх нутгаар олон жилийн дундаж (ОЖД) орчим  цас, бороо орох төлөв гарсан байна. Гэвч үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температур (дулаан)-ын хэлбэлзэл ихтэй байх ба цочир хүйтрэлт болж болзошгүй гэжээ.


Цочир хүйтрэлт, цаг агаарын өөрчлөлт нь хаврын тариалалтад ихээхэн хамааралтай байдаг. Энэ үүднээс 1981-2020 оны хаврын саруудад ажиглагдсан сүүлийн цочир хүйтрэлтийн дундаж хугацааны орон зайн тархалтыг зургаар харуулжээ.  

Хаврын сүүлчийн цочир хүйтрэлт Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутагт 5 дугаар сарын 5-наас хожуу, говийн нутгаар 4 дүгээр сарын 15-наас хойш, бусад нутгаар  сарын 5- 30-ны хооронд ажиглагддаг гэсэн тайлбар хийсэн байна.


Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД орчим. Цас бороо Завхан аймгийн ихэнх нутгаар ОЖД-аас ахиу орно. Бусад нутгаар ОЖД орчим байна. Нэг, хоёрдугаар 10 хоногийн  дунд үе болон 3 дугаар 10 хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4 хэмээр хүйтэрнэ. Нэг, хоёрдугаар 10 хоногийн дунд үе 3 дугаар 10 хоногийн эхэн болон  сүүлчээр зарим газраар цас бороо орох төлөвтэй байна. 

Салхи нэг, хоёрдугаар 10 хоногийн дундуур, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр зарим газраар 18–24 м/с, Алтайн уулархаг нутгаар нэг, гуравдугаар 10 хоногийн сүүлээр 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Булган аймгийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан бусад нутгаар ОЖД орчим байх төлөвтэй байна. Баянхонгорын хойд Архангайн баруун, Хөвсгөлийн ихэнх нутгаар ОЖД-аас  ахиу, бусад нутгаар ОЖД орчим. Нэг, хоёрдугаар 10 хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-8 хэмээр хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхэн үе болон сүүлчээр зарим газраар, уулархаг нутгаар цас, бороо орох төлөвтэй аж.  

Салхи нэг болон хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14–16 м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард нийт нутгаар ОЖД–аас дулаан байна. Харин цас бороо Дорнод аймгийн нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар хэвийн байх төлөвтэй. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 2-4 хэмээр хүйтэрнэ. Нэг, хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн сүүлчээр зарим газраар цас, бороо орно. Салхи нэг болон хоёрдугаар 10 хоногийн дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхэн ба сүүлчээр  зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с  хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах магадлалтай.

Говийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур Дундговь, Дорноговь аймгуудын нийт нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дундаж орчим байна. Өмнөговийн нутаг Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар ОЖД-ын орчим байна. Нэг ба хоёрдугаар 10 хоногийн дунд үе болон гуравдугаар 10 хоногийн дунд сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 3-8 хэмээр сэрүүснэ. Нэг, хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр зарим газраар цас, бороо орох төлөвтэй байна. Салхи нэг,  хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц богдын өвөр хоолойгоор зарим үед 20-24 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна  гэж цаг агаарын 5 дугаар сарын урьдчилсан тоймд дурджээ.  


Цаг агаарын үзэгдлийг тухайн аймаг, бүс нутгийн 30 хувь нь хамрагдахаар байвал “зарим газраар” гэсэн нэршлийг хэрэглэнэ. Харин 70 хувь хүртэл хамрагдахаар байвал “ихэнх нутгаар”, түүнээс дээш хэмжээгээр хамрагдахаар байвал “нийт нутгаар” гэх утгыг авч үздэг.


Монгол Улсын нутаг дэвсгэрийг дээрх дөрвөн бүсэд хувааж цаг агаарын  урьдчилсан мэдээг олон нийтэд хүргэдэг. Тэгвэл:

Баруун аймгуудад: (Баян- Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Төвийн аймгуудад: (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Төв)

Зүүн  аймгуудад: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Говь аймгуудад: (Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь) гэж нэр томьёог тайлбарлажээ.  

Цаг агаарын тоймд дурдагдаад байгаа ОЖД гэдэгт Олон улсын цаг агаарын байгууллага 1981- 2010 оныг багтаасан байдаг байна. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ОЖД-аар 5  сар ямар байсныг одоо авч үзье. 


Тавдугаар сард агаарын дундаж температур сүүлийн жилүүдэд, ялангуяа 2017–2018 онуудад хамгийн дулаан буюу ОЖД–аас 2 хэмээр дулаарч өдөртөө төв, зүүн, говийн аймгуудын нутгаар 31–36 хэм хүрч халжээ. Харин 2014–2016, 2019 онуудад ОЖД–аас 0.5–1.0 хэм хүйтэн байсан байна.


Сарын нийлбэр цас, бороо ОЖД-аар Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр 4-10 мм, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 20–25 мм, бусад нутгаар 11-19 мм хур тунадас ордог аж.


Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1979-1986, 1994, 1996,1998, 2017, 2018 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж хуурайшилт ихтэй байжээ. Харин 1988, 2002, 2003, 2010, 2014, 2016, 2019, 2020 онуудад зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу цас бороо  орсон байна. Монгол оронд  5 дугаар сарын эхээр яргуй дэлгэрдэг.

Холбоотой мэдээ