ТОД БИЧИХ ӨГҮҮЛБЭР

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-05-04 18:36:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Ном өөрийн гэсэн бүхэллэг чанартай байх гоё. Мэдээж дотор нь зохиогчийн бичлэгийн арга барил, уншихгүй өнгөрөөж болох дотоод сэтгэлийн үгс, аливаа бүхэнтэй зөрчилдөх гэсэн замбараагүй гэнэн хүсэл, азаар түүнийгээ хориглож чадах уужуу сэтгэл бүгд багтсан байдаг. Гэхдээ яг ийм номыг бичнэ гэдэг басхүү түүнийг олж уншина гэдэг өглөө бүр манддаг нар шиг ганц байхаас бус үдэш бүр түгдэг одод шиг арвин биш л дээ. Гагцхүү цаг хугацааны урсгал нь хол, ойроос үл шалтгаалан бичигдэх ёстой цагтаа бийрлэгдсэн үгс уншигдах хэрэгтэй цаг үедээ л бидний гарт ирдэг бус уу.


Саяхан даа, өрөөнийхөө сэтгүүлч эгчийн ширээн дээр Э.Адъяасүрэн “Бөн бөн хэмээх уран бүлтрээ” хэмээх улбар шар өнгийн тэмээний зурагтай нэгэн ном байхыг харсан юм. Харин хавтасны өнгийг нь яг тийм гээд оноочихож дөнгөсөнгүй. Мөн “Каламбура төрлийн эсээ бичвэрүүд” гэсэн тодотгол ихэд сонирхол татаж билээ. Тэгтэл энэ бодолтой зэрэгцээд номын арын хавтас дээр “Адъяагийн бүтээлийн нэг томоохон хэсгийг хэл шинжлэлд Каламбура хэмээдэг “үгэн тоглоом” эзэлнэ” хэмээгээд тодорхойлолтоо улам лавшруулсан доктор М.Саруул-Эрдэнийн үгс байв. Тэр ч бас “Baabar.mn” дээрээс миний унших дуртай нийтлэлчдийн нэг гэдгийг дурдчихъя.


Номыг эзнийх нь зөвшөөрөлгүй авч нээгээд “Бөн бөн” нийтлэлийг нь олж аваад уншаатхав. Татаж авсан нь жишээ нь их хөөрхөн, нийтлэлд дэл сул үг, санаа гажсан өгүүлбэр огт алга. Гаргах гэсэн санаандаа яв цав тулгаж орхиод л сүүлчийн өгүүлбэрийг зурчихсан байгаа юм. Гол санаагаа гаргахын тулд татаж авсан жишээг нь уншчихаад өөрийн эрхгүй уруулд инээмсэглэл тодорч байв. Харин уншиж дуусгачихаад “нээрэн л тиймдээ” гэж санааширсан мөртлөө сэтгэл нэг л тийм хөнгөхөн, сайхан болчихож билээ. Уг нийтлэлийг хэн бүхэн олоод үзчихэж болох учраас би үйл явдал, юу гардаг талаар нь өгүүлэхгүй. Тэгчихвэл амтгүй болно шүү дээ. Яг л үзээгүй киног нь “спойлордоод” хаячихаж байгаатай адил. Зүгээр л “Түүн шиг нэг л их мундаг амьтан яваад байдаг. Яс юман дээрээ ердөө л бөн бөн байгаадаа хааяа уур хүрэх үе гарах” гэдэг энэ хоёр өгүүлбэр байгаагүй бол нийтлэлийн гол санаа яаж тодрохсон бол хэмээн бодов. Тэгээд л өрөөний эгчийг орж ирэхэд “Энэ их гоё ном байна. Номоо нэрлэсэн нийтлэлийг нь уншаад үзтэл их таалагдлаа” гэж хэлэв. Тэгтэл ч эгч инээмсэглээд “Тийм шүү дээ. Манай найз байгаа юм. Ёстой гоё бичнэ. Чи ном уншдаг уу, тэгвэл чамд нэгийг бэлэглэе” гэв. Ингээд л болоо.


Амьдрал бэлгийн замаар өрнөөд ирэхээрээ сайхан, ардаа зүүсэн үүргэвчиндээ шинэ номтой харих бүр ч сайхаан…


II.


Номыг уншиж эхэллээ. Ёстой л “үгэн наадгай” ажээ. Санаа нь ч бас адилхан. Өнгөрсөн түүхийн цаг үеүдэд “Дектафон” байсан бол, англи хэл сурах оролдлого, сэтгүүлчдийн үгэн паян, кино зохиолын элдэв санаа гээд л… Тэр чигээрээ зүгээр л уйдсандаа сараачиж орхиод, өөрийгөө зугаацуулсан төдийхөн нийтлэлүүдийг нь би шимтэн уншиж байх шиг. Гэвч бас яг тийм биш ээ. Зугаацсан зүйлс бий нь үнэн. Гол нь “Нийтлэлийн оронд” хэмээх хоёрдугаар бүлэг хамгийн чухал. “Банкны балаг” хэмээх жижигхэн бичвэрийн санааг энэ эгч бүтээжээ. Харин үүнийг нь хэзээ ч билээ нэг хошин шогийн жүжгийн эхлэлд үзсэн шиг санагдана. Санаа гэж авах юмгүй “собак”-уудаас хааяа нэг хөөрхөн оч үсрэх юм гэж тухайн үедээ бодож билээ. Гэтэл ёстой “органик” хүнс гэдэг шиг “ориг” бичвэрийг нь олоод уншчихлаа, би. Та ч бас яг юун тухай вэ гэдгийг нь тус номоос л унших боломжтой. Учир нь би нийтлэлүүдийн тухай “тэр ингэсэн, энэ тэгсэн” гэж ярихгүй гэсэн шүү дээ.


Басхүү хоёрдугаар бүлгийн нийтлэлүүдэд бодууштай зүйл их. Улс төр, сонгууль, Оюутолгой, эх орны эзэд гээд л бидний өдөр бүр чалчиж, өөр хоорондоо маргалддаг сэдвүүдийг тун егөөтэй, хоржоонтой байдлаар биччихсэн байгаа юм. Нээрэн Оюутолгойн гэрээний асуудлыг шийдчихсэн бол гээд л толгой руу тоншоод авна. Үгүй юм аа гэхэд “нээрэн энэ нийтлэлд бичсэн шиг” хэмээгээд шанаа тулан бодлогоширно. Тэгснээ гэнэтхэн “Х” үсгээр имиж бүрдүүлэгсдийг уншиж жаахан инээмсэглэх аядаж сууснаа “Чингисийн ялгадас”-ыг бодож тархиа нэг сэгсэрч аваад “Оркландынхан”-ыг уншиж ойлгоно. “Нисдэг морь ба боломж”-ийг уншчихвал хаа нэгтээ гээсэн түлхүүрээ хаа нэгтээ тааралдаж магадгүй гэсэндээ халаасандаа гараа шургуулаад гадаа гарч алхаж ч мэднэ. Ай хө, зээ хө… Энэ номыг уншаад юм бичсэн нээрэн ам халсан хүн шиг хамаа намаагүй бурчих гээд байдаг шүү. Хэл гэдэг амьд бөгөөд хэзээд оршиж байдаг нь үнэн ажээ. Тод хараар бичээд ханандаа өлгөчихмөөр тийм өгүүлбэр олон тааралдана.


Одоо цааш явъя. “Хөшигний цаана” хэмээх бүлэгт юу бичигдсэн байдаг гэж санана. Тэнд сэтгүүлчийн өөрийн амьдрал тохиолдсон, тохиодог зүйлс бий. Ер нь өнгөрсөн, одоо, ирээдүй нь бүгд багтсан. Гэхдээ нэг их хэрэггүй юмсыг, нэг л их хэрэг болгоод өгүүлчихсэн мэт сэтгэгдэнэ. Даанч аль аль нь наддаа эрдэнэ гэдэг шиг уншихгүй өнгөрч бас л болохгүй. Тэгэхээр урам авчихмаар, унатлаа инээчихмээр үгс бичигдсэн гэсэн үг.


Ер нь уг ном асар баялаг монгол хэлтэй, бараг л хоршоо үгийн толь болчихмоор. Орчуулагч Ж.Нэргүйг “Тосон дээгүүр гулгаж байгаа мэт орчуулсан байдаг” гээд л ярьдагсан. Үүнтэй адилхан аливаа хошигнол дундаа шүүмжлэлт өгүүлэмжийг ёстой л нэг тосон дээгүүр гулгах шиг шургуулаад оруулчихсан баймаар уншигдана. Ер нь хошигнохгүй бол “уран бүлтрээ” амьгүй болно шүү дээ.


III.




“Зүрхний бичээс” хэмээх дөрөвдүгээр бүлэгт зүрхэнд үл хүрэх ч зохиогчийн харин зүрхнээс гарсан үгс бийрлэгджээ. Ээжийн тухай, эмээгийн тухай, нутгийн тухай, тархи зүрхнийхээ тухай, эр хүний тухай, өөрийнхөө тухай, бас дахин тухай… Үнэхээр л зүрхэнд бичигдсэн үгс гоё ганган хээнцэр маяггүй, хээгүй ч юм шиг мөртлөө хээ шагласан уран гоё хатгамал шиг бичвэрүүд болоод цаасан дээр буучихсан байгаа юм. Магадгүй ихэнх нь дэлгэцийн “ворд” дээр бичигдэж, дэгжин хуруудын “кэебоард”-ын нүд тогшилтоор амилсан болов уу. Энэ бүлгийн төгсгөлд байх “00 өрөөний хатагтай” гэх цомхон бичвэрийг уншаад зохиогчийг ажигч гярхайгаас гадна, сэтгэл дүүрэн сайхан хүмүүсийн тухай дурсамжийг дотроо тээж явдаг байх хэмээн санаж билээ.


Цаашилбал тавдугаар бүлэгт нэг тийм улирал дагаж уярч хайлсан, “эморч” санаа алдсан, энэ дэлхий яагаад баруун эргэдэгт хөнгөхөөн эмзэглэсэн дүр гарч ирнэ. Тэгээд зургаадугаар бүлэгтээ дурсамжнаас дурсагдаж үлдсэнийг нь орхилгүй таталгаж дуусгаад дараагийн бүлгийн аялалд гарна. Эргэж ирээд төгсгөлийн бүлэгт энэ бүх аяллын хугацаанд уншиж эргэцүүлсэн, урт замд хань болсон бүтээлүүдийнхээ талаар өгүүлнэ. Тэгээд л юу ч болоогүй мэт цэг хатгаад орхичихжээ.


Монгол ардын үлгэрүүд, туульсын томоохон зохиол бүтээлүүдэд хоршоо болон зүйр цэцэн үгс их гардаг. Харин энэ номонд тэдгээр үгс яг л бидний орчин цагийн аж төрөхүй, хэл яриа, үйл хөдлөлтэй хэрхэн зохицож байгааг харж болно. Зүйр үгсийг зүгээр л уламжлалт үг хэллэг гэж сургуулийн багш нар нь зааж сургаад, орчин цагийн нийгэмд тохирохгүй гээд орчин үеийн хүүхдүүд нь дэвсээд хаячихаж. Ингээд л англи хэлний үгсийг ахуйдаа түлхүү хэрэглэх болж. Яахав, тэдний буруу биш л дээ. Тэгээд ч гадаад “үйл үг” л монгол хэлний ай савд түлхүү орж ирээд үүрлэчихгүй л бол айх аюул бага. Дээр нь нэмээд хэлэхэд эх хэлний баялаг үгсээр дүүрэн ийм бүтээлүүдийг олноор нь туурвиагүй бол энэ цаг үеийн уншигчдаа буруутгаж суух нь мэргэдийн ажил биш л дээ. Гэтэл бичиж туурвиад “унш” хэмээгээд лангуун дээр өрчихсөн байхад нь дэлгээд нэг харчихаагүй бол уншигч бидний буруу биз ээ хэмээн мунхагланам. Өөрийгөө мунхагланам хэмээсний учир нь “…тэрлэх тэнэг байхад тэмдэглэх тэнэг байж л таараа” хэмээх номын төгсгөлийн бичвэрт өгүүлэгдсэн үгсээс болсон билээ. Тэр л өөрөө ингэж хэлсэн шүү.

Холбоотой мэдээ