Хадгаламж болон зээлийн хүү тооцох аргачлалыг Монголбанк, СЗХ хамтран батална
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Төслийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг хийв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нараас 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 4 тоот тогтоолоор уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, гишүүдэд Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар орж ажиллажээ.
Ажлын баг нийт гурван удаа, дэд ажлын хэсэг нийт долоон удаа хуралдаж, санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих, банк, санхүүгийн салбарын найдвартай байдлыг бэхжүүлэхдээ харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор уг хуулийн төсөлтэй холбогдуулан 34, дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан 17, нийт 51 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна. Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх, үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, мөн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэйгээр тогтоодог байх, хэрэв шимтгэл хураамжийн хувь, хэмжээг үндэслэлгүй тогтоосон бол харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй тогтоосон шимтгэл, хураамжийн хувь хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэрэг зохих арга хэмээх авах талаар зохицуулалтыг нэмж тусгажээ.
Хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой зохицуулалтуудыг Иргэний хуульд нийцтэй байдлаар тус гэрээнд санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор зайлшгүй тусгах шаардлагатай нөхцөлийг тодорхой болгон тусгалаа. Тодруулбал, банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй. Мөн гадаад валютын орлогын эх үүсвэртэй эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдсан этгээдэд гадаад валютын зээл олгож болохоор өөрчлөн найруулжээ.
Банк, санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх, зохистой хөгжлийг дэмжих, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор банк, эрх бүхий хуулийн этгээд хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, мөн банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн өргөн мэдүүлсэн төсөлд хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк тогтоохоор тусгасныг хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавихаар зохицуулалтыг өөрчлөн найруулжээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар, төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулах гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан 54 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, “Хуулийн үйлчлэх хүрээ” буюу 3 дугаар зүйлийг “3.1.Энэ хуулиар банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг болон зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна; 3.2.Хуульд заасны дагуу хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж тус тус өөрчлөн найруулахаар болов.
Мөн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим” гэсэн 4 дүгээр зүйл, “Хуулийн нэр томъёоны тодорхойлолт” гэсэн 5 дугаар зүйлийг тус тус өөрчлөн найруулахыг дэмжив. Тухайлбал, “зээл” гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэж төлөгдөх нөхцөлтэйгээр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг; “үйл ажиллагааны ерөнхий нөхцөл” гэж банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны нийтлэг зохицуулалтыг тусгасан баримт бичгийг ойлгохоор тодорхойлов.
Түүнчлэн “мөнгөн хадгаламж” /цаашид Хадгаламж гэх/ гэж гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдээс банк, эрх бүхий хуулийн этгээдэд хадгалуулсан үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөг болон гадаад улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлэгдэх мөнгөн хөрөнгийг; “харилцах данс" гэж гэрээний үндсэн дээр банк, цахим мөнгө гаргах зорилгоор төлбөрийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авсан этгээдээс харилцагчид төлбөрийн үйлчилгээ үзүүлэхээр нээсэн дансыг; “хүү” гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг; “шилжүүлэг” гэж Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5.1.18-д заасныг ойлгохоор зохицуулжээ. “Эрх бүхий хуулийн этгээд” гэж хуульд заасны дагуу Монголбанкнаас төлбөрийн үйлчилгээ үзүүлэх, Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан хуулийн этгээдийг; “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг; “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд" гэж хуулиар тусгайлан эрх, үүрэг нь тодорхойлогдож, хариуцлага хүлээдэг этгээдийг." ойлгохоор тусгасан нь дэмжигдлээ.
Төслийн 8 дугаар зүйлийг “Үйл ажиллагааны ерөнхий нөхцөл” болгож, “8.1.Энэ хуульд заасан банк, эрх бүхий этгээдийн хадгаламж болон зээл, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн шилжүүлгийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд батална. 8.2.Энэ зүйлд заасан үйл ажиллагааны ерөнхий нөхцөлд банк, эрх бүхий хуулийн этгээдээс иргэн хуулийн этгээд, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдэд үзүүлэх хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээний нөхцөл, талуудын эрх, үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны журмыг тусгасан байна." гэж өөрчлөн найруулахаар болов. Төслийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг “Хадгалагч хадгалуулагчтай байгуулах хадгаламжийн гэрээг хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн сертификат болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу цахим хэлбэрээр байгуулж болно" гэж өөрчлөхөөр тогтов.
Төслийн “Хадгаламжийн гэрээний хугацаа” гэсэн 12 дугаар зүйлийг хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулах, тодорхой хугацаа зааж хадгалуулсан хадгаламжийг хугацаатай, тодорхой бус хугацаагаар хадгалуулсан хадгаламжийг хугацаагүй хадгаламж гэж тооцох, хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэг хүлээх, хадгалагч хугацаагүй хадгаламжийн гэрээг зөвхөн иргэнтэй байгуулах, иргэний хадгаламжийг хугацаагүй хадгаламжид тооцож, мөн хугацаанаас хүүг хугацаагүй хадгаламжийн хүүгийн адил хэмжээгээр бодох, хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй байх зэргээр өөрчлөн найруулах зохицуулалтыг дэмжсэн юм. “Мөнгөн хадгаламжийн хүү” гэсэн төслийн 13 дугаар зүйлд хадгалагч хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүү, нөхцлөөс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, хугацаатай хадгаламжийн хүүгийн хэмжээ нь гэрээнд өөрөөр заасан, эсхүл хадгалуулагчаас хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, хадгаламжийн данснаас хуульд заасан үндэслэлээр зарлагын гүйлгээ хийснээс бусад тохиолдолд анх тохиролцсон хэвээр байх, хэрэв өөрчлөлт орсон хүүгийн хэмжээг хадгалуулагч зөвшөөрөхгүй бол нэмж хийсэн орлогын хувьд хадгалуулахаас татгалзаж болох, хугацаагүй мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг хадгалагчаас өөрчлөх тохиолдолд энэ тухай нийтэд мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хүүгийн хэмжээ өөрчлөгдсөнд тооцохоор зохицуулсан байна.
Түүнчлэн 21 дүгээр зүйлийн 21.8 дахь хэсгийг “3ээлийг гэрээнд заасан зориулалтаар нь ашиглана. Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан төлөхийг шаардана" гэж өөрчлөн найруулах, мөн зүйлд зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах эсхүл олгосон зээлийг буцаан шаардах эрхтэй, зээлдүүлэгч анх зээл олгохдоо зээлдэгчээр зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглох, зээлдүүлэгч нь баталгаа гаргагчтай Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу гэрээ байгуулах агуулгатай 21.13, 21.14, 21.15, 21.16 дахь хэсгийг тус тус нэмэхээр болов. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төслийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “нэмэгдүүлсэн хүү” гэснийг хасах санал гаргасныг Байнгын хороо дэмжээгүй ч гишүүний энэ санал нэгдсэн хуралдаанаар олонхын дэмжлэг авсан юм.
Ингээд Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.