Хүн бүрд ба үнэ цэн

Лавлагаа
khandmaa@montsame.gov.mn
2021-05-07 15:47:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад олон нийтийн дунд янз янзаар бичиж буй хоёр үгийг ямар зарчмаар журамласныг танилцуулъя.


Говь, цөл дэх ус ургамалтай газрыг нэрлэдэг "баян бүрд" гэдгээс ялгаж “хүн бүрт” гэж бичих ёстой гэцгээх нь бий. Гэвч өгүүлбэрийн доторх хам бүтцийн хүрээнд “хүн бүрд” гэж бичсэн байхад “баян бүрд”-ийн “бүрд”-тэй хольж эндүүрэх үндэсгүй тул ийнхүү маргаж мэтгэлцэх шаардлагагүй аж.


“Бүр” гэдэг хэсгийг ялган заах төлөөний үгийг монгол бичгээр бичихэд “бүри” гэж бичдэг. Тиймээс эгшгээр төгссөн үгэнд “-д” бүтээвэр залгах дүрмээр “бүрд” гэж бичихээр журамлажээ. Харин “гэр, газар, гар” гэх мэт үг монгол бичигт гийгүүлэгчээр төгссөн байдаг тул “-т” толгойтой бүтээврийг дагуулж гэрт /гэр-түр/, гарт /гар-тур/, газартаа /газар-тур-йан/ гэж бичдэг дүрэмтэй.


Түүнчлэн “үнэ цэнэ” биш, “үнэ цэн” гэж бичихээр журамлажээ. "Нэг цэн алт" гэж ярьдагчлан, хүнд хөнгөнийг  жинлэх хэмжүүрийг заан нэрлэдэг утгаар “цэн” гэж бичих нь зөв гэдэгт эрдэмтэд санал нэгдсэн байна. Эндээс "цэгнэх" гэсэн үйл үг бүтжээ. Харин “цэнэх” гэсэн үйл байдаг ч, энэ нь юмыг үнэлж цэгнэх гэсэн утгатай бус, харин "үгээ цэнэх" гэх мэтээр хянах болгоомжлох утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, "цэнэх" гэдэг үйл үгийн үндэс нь "цэнэ"  юм.

Холбоотой мэдээ