Дундговийн хүү хожлын шидэлт хийж, эх орондоо медаль авчрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-20 14:10:19

НҮБ- ын ивээл дор зохион байгуулдаг "United Wold Game" олон улсын хүүхдийн спортын  наадмын сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсын хөвгүүдийн баг хүрэл медалийн төлөө Унгарын багийг хожсон сайхан мэдээ өчигдөр түгсэн. Эх орондоо медаль авчрах хожлын шидэлтийг Дундговь аймгийн шигшээ багийн тоглогч М. Пүрэвхүү шийдвэрлэх агшинд хийсэн байна.

Тэрээр Монгол Улсаас "United Wold Game" наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд дасгалжуулагч Д. Лхагва- Очирын дасгалжуулсан хөвгүүдийн шигшээ багийн ахлагчаар явсан бөгөөд медалийн төлөөх хүч тэнцсэн ширүүхэн өрсөлдөөний цаг дуусахад дөрөвхөн секунд дутуу, өрсөлдөгч багуудын оноо 55:56  байх агшинд багтаа  хоёр оноо авчирч, Унгарын багийг нэг онооны илүүгээр хожжээ.

Хөвгүүдийн  баг Словени, АНУ, Италийн багтай "В" хэсэгт багтан,  хэсгийн эхний тоглолтоо Словений багтай хийж, 58:47-оор хожигдсон байна. Гэвч удаах тоглолтод АНУ-ын SAW багийг 50:47, Италийг 45:19-өөр хожин  хэсгийн хоёрдугаар байранд шалгарч шилдэг наймд үлджээ. Тэмцээний хагас шигшээд үлдэх эрхийн төлөө "А" хэсгийн аварга тэмцээний зохион байгуулагч Австрийн багтай тоглон  29:24-өөр хожин  шилдэг дөрөвт үлдээд байжээ.

Монголын шигшээ багт  Дундговь аймгаас М.Пүрэвхүү, Х.Дашравдан нар тоглосон юм. Тэд Дундговь аймгийн шигшээ багт шилдэг дасгалжуулагч О.Буянтогтохын удирдлаган дор 2012 оноос эхлэн тоглож, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус бүрдээ 3 алт, 2 мөнгө медаль зүүж ирсэн  тамирчид юм. Х.Дашравдангийн хувьд 2014- 2016 оны шилдэг холбон тоглогч болж, Улсын шигшээ багт тоглох урилгыг авч байжээ.

Тамирчид нөгөөдөр эх орондоо ирэх юм байна.

Т. Отгонтуяа

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ