Цар тахлын цунамид нэрвэгдсэн Энэтхэг орон

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-05-07 11:20:49

Дэлхий даяар өдөр бүр илэрч буй коронавирусний халдварын тохиолдлуудын бараг тал хувь нь, Ковид-19-ийн улмаас нас барсан тохиолдлуудын ¼ нь Энэтхэг улсад бүртгэгдэж байгаа тухай ДЭМБ мэдээллээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ковидоор өвчилсөн хүмүүсийн тоо өдөрт 300 мянгаас давж байгаа бөгөөд бодит байдал дээр энэ тоо 5-10 дахин олон байж магадгүй гэж эмч нар таамаглаж байна. Чухам ямар шалтгааны улмаас Энэтхэг улс ийм хүнд байдалд оров оо?  


Халдварын хоёр дахь давалгаанд улс орон бэлэн бус байна гэдгийг улстөрчид, шинжээчид олонтоо анхааруулж байжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард эрүүл мэндийн асуудал эрхэлсэн парламентын байнгын хорооноос хүчилтөрөгч болон эмнэлгийн ор дутагдаж магадгүй гэдгийг сануулж байсан бол энэ оны 2 дугаар сард зарим шинжээч “коронавирусийн цунами” ойртон ирж буй талаар сэрэмжлүүлж байв. Мөн Засгийн газраас томилсон шинжээчдийн баг “мутацид орсон вирусийн шинэ төрөл гарч ирнэ” гэж анхааруулсан боловч энэ бүхнийг эрх баригчид огт хайхарсангүй.


Халдварын цунамигийн эхлэл


Өнгөрсөн оны 9 дүгээр сард халдварын ид үе тохиож, халдвар авсан хүмүүсийн тоо өдөрт 90 мянгад хүрч байсан бол энэ оны 1 ба 2 дугаар сард огцом буурч 20 мянгаас доошилжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Нарендра Моди “манай улс коронавирусийг яллаа” гэж мэдэгдээд олон нийтийн цугларалтад тогтоосон бүх хязгаарлалтыг цуцаллаа. Мөн Эрүүл мэндийн сайдын хэлснээр, цар тахлын дэгдэлт үндсэндээ хумигдаж, сүүлчийн үе шатандаа  оржээ.


Н.Моди иргэдэд хандан маск зүүх, хүн хоорондын зай барихыг уриалж байсан боловч өөрөө 5 мужид сонгуулийн сурталчилгаа хийх үеэрээ олон мянган хүнийг цуглуулж байв. Түүний Засгийн газрын зарим сайд нар олон нийтийн цуглаанд оролцохдоо маск зүүлгүйгээр үг хэлж байжээ. Тэр ч бүү хэл, олон сая хүн оролцдог хиндү шашинтнуудын Кумбха Мела баярыг зохион байгуулахыг зөвшөөрөв. Энэ мэт хоорондоо зөрчилдсөн шийдвэр ба үйлдлүүдийн улмаас хүмүүс аюулгүй байдлын дүрэм журмыг хайхрахаа болив.  

"Кумбха Мела" шашны баярын үеэр 


“Тэдний үйлдэл, уриалга хоёр нь хоорондоо огт авцалдахгүй байсан” гэж төрийн бодлого ба эрүүл мэндийн тогтолцооны асуудлаар мэргэшсэн шинжээч Чандракант Лахария дүгнэж байна. Вирус судлаач Шахид Жамиль-ийн ярьснаар, Засгийн газар цар тахлын хоёр дахь давалгаа тохионо гэдгийг огт тооцоолоогүй байсан бөгөөд хэтэрхий эрт баярлаж хөөрчээ. Гэхдээ энэ бол гол шалтгаан биш юм. Цар тахал дэгдсэнээр Энэтхэгийн төрийн мэдэл дэх эрүүл мэндийн тогтолцоо бүрэн дампуурсныг, энэ салбарын санхүүжилт ямагт дутуу дулимаг байсаар ирснийг илрүүлж өглөө.


Нэгэн шинжээчийн ярьснаар бол, төрийн мэдэл дэх эрүүл мэндийн салбарын дэд бүтэц тун хангалтгүй байсныг баячууд болон дундаж давхаргынхан сая л мэдэж байна. Чинээлэг иргэд хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндээ даатгадаг байсан бол ядуучууд зөвхөн эмчид үзүүлэхийг л эрмэлздэг байв.


Эрүүл мэндийн даатгал, ядууст олгох эмийн хөнгөлөлт зэрэг Засгийн газрын авч буй арга хэмжээ нь нөхцөл байдлыг сайжруулахад төдийлөн нэмэр болохгүй байгаа бөгөөд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд эмнэлгийн тоо, эмч нарын тоог нэмэгдүүлэх талаар хийсэн ажил тун бага. Тухайлбал, тус улсын 10 мянган иргэнд 10 хүрэхгүй тооны эмч ногддог бол зарим мужид энэ тоо 5-аас ч цөөн. Энэтхэгийн Эрүүл мэндийн салбарт зарцуулах хөрөнгийн хэмжээ сүүлийн 6 жилд ДНБ-ний 3,6 орчим хувьтай тэнцэж байна. Харьцуулваас, эл үзүүлэлт АНУ-д 16,9 хувь, Германд 11,2 хувь, ОХУ-д 5,3 хувь, Хятад улсад 5 хувьтай байдаг.


Нөхцөл байдал даамжирсан нь


“Халдварын эхний давалгаа саарах тэр үед эрх баригчид хоёр дахь давалгаанд бэлтгэж, болзошгүй таагүй зүйлд бэлэн байх ёстой байсан. Хүчилтөрөгч болон ремдесивир эмийн нөөцөд тооллого хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой байсан” гэж Махараштра мужийн эрүүл мэндийн сайд асан Махеш Загаде ярилаа.


Хүчилтөрөгч дутагдалтай байгаа нь үүссэн олон асуудлын зөвхөн нэг нь бөгөөд холбооны Засгийн газар, мужуудын Засгийн газруудын аль нь ч хоёр дахь давалгааг зогсоохын тулд юу ч хийгээгүй гэдгийг шинжээчид хэлж байна. Албаны хүмүүсийн ярьснаар бол, Энэтхэг улс хүчилтөрөгчийг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэдэг боловч түүнийг тээвэрлэн хүргэх нь нэн хүндрэлтэй асуудал болжээ. Засгийн газраас хүчилтөрөгч тээвэрлэх тусгай галт тэргүүдийг илгээсээр байгаа боловч хүчилтөрөгчийн дутагдлаар олон хүн нас барсны дараа л уг арга хэмжээг авсан байна.


Үүний улмаас аргаа барсан айл өрхүүд хар захаас олон мянган рупигээр хүчилтөрөгчийн баллон худалдан авч байгаагаас гадна баллоноо цэнэглүүлэхийн тулд олон цагаар дараалалд зогсож байна. Арай илүү боломжийн амьдралтай хүмүүс нь ремдесивир, тоцилизумаб эмнүүдийг худалдан авахын тулд багагүй мөнгө зарлагадаж байгааг доктор Лахария хэллээ.

Ремдесивир эмийг үйлдвэрлэдэг нэгэн компанийн захирлын ярьснаар, 1 ба 2 дугаар сард захиалга үндсэндээ зогсжээ. “Хэрвээ Засгийн газар захиалга өгсөн бол манайх нөөцтэй байх байсан, хомсдол үүсэхгүй байсан. Одоо бид үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн боловч захиалгаа дийлэхгүй байна” гэж тэрбээр ярилаа.


Харин Керала гэх мэт цөөн хэдэн муж халдварын огцом дэгдэлтэнд бэлтгэлтэй байсан бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сард хүчилтөрөгч болон ремдесивир, тоцилизумаб зэрэг эмийг хангалттай хэмжээгээр нөөцөлж чадсан байна. Гэтэл энэ онд олон мянган жуулчин хүлээж авсан Гоа мужид гэхэд хоёр хүн бүрийн нэг нь халдвар авчээ. Сөрөг хүчний төлөөлөгчид бүх нийтийн хөл хорио тогтоохыг уриалж байгаа боловч эдийн засагт эрсдэл учрахаас болгоомжилсон Засгийн газар ийм арга хэмжээ авахад бэлэн бус байна.


Цунамигаас сэргийлэх боломж байсан уу?


Вирусийн генийг судлах нь илүү хөнөөлтэй, илүү хүчтэй халдварладаг вирусийн шинэ хувилбаруудыг илрүүлэхэд маш чухал. Вирус судлаач Жамилийн ярьснаар, 10 лабораторийг нэгтгэсэн Энэтхэгийн ген судлалын консорциум SARS-CoV-2 (INSACOG) өнгөрсөн онд байгуулагдсан боловч санхүүжилт дутагдалтайн улмаас коронавирусийн мутацид орсон хувилбаруудыг нэлээд хожуу буюу энэ оны 2 дугаар сарын дунд үеэс судалж эхэлсэн байна. Одоогийн байдлаар, вирусийн бүрэн генийн дарааллыг тогтоох судалгаа дөнгөж 1 хувьтай байна. Харьцуулахад, цар тахлын ид дэгдэлтийн үед Их Британид энэ судалгаа 5-6 хувьтай байв.


Гэхдээ энэтхэгчүүдийн хувьд гол найдвар нь вакцинжуулалт байсан бөгөөд 7 дугаар сар гэхэд 300 сая хүнийг дархлаажуулалтанд хамруулахаар төлөвлөөд байжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар 1,4 тэрбум хүн амаас 26 сая орчим хүн вакцины хоёр тунг, 124 сая хүн эхний тунг хийлгээд байна. Зөвхөн 18-44 насны 622 сая хүнийг бүрэн дархлаажуулахад 1,2 тэрбум тун вакцин, 45-аас дээш насны 440 сая хүнд 615 сая тун вакцин шаардлагатай.

Вакцины хомсдол бий болсон энэ үед халдвар дахиад огцом дэгдсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Хүмүүс вакцинжуулалтын төвийн гадна дугаарлан зогсоод тарилга хийж өгөхийг цөхрөлтгүй гуйж байна. Хэдийгээр Энэтхэг улс вакцин, эм үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг боловч ийм ноцтой хомсдолд автаад байгаа нь хувь заяаны тохуурхал гэлтэй.


Ийм нөхцөлд Засгийн газар Biological E компани, Хафкины хүрээлэн зэрэг байгууллагыг вакцин үйлдвэрлэхэд дайчилж байна. Мөн AstraZeneca /Covishield/ вакциныг үйлдвэрлэж буй Цусны ийлдсийн хүрээлэнд 609 сая ам.долларын зээл олгожээ. Гэхдээ энэ мөнгийг эртхэн өгөх хэрэгтэй байсан гэдгийг доктор Лахария дурдаад “улс оронд үүссэн аймшигтай нөхцөл байдал нь холбооны засгийн газар, мужуудын засгийн газарт сануулга дохио болох ёстой” гэлээ.


“Эцсийн эцэст, эрүүл мэндийн салбарт илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй гэдгийг тэд ойлгох ёстой. Дараагийн цар тахал бидний төсөөлж буйгаас хамаагүй эрт эхэлж болзошгүй” гэж тэрбээр эцэст нь хэллээ.

Б.Адъяа

Эх сурвалж:ВВС

Холбоотой мэдээ