Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216 тэрбум төгрөг бэлэн болжээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-07 16:11:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох 216.0 тэрбум төгрөгийн санхүүжилт бэлэн болсон бөгөөд даваа гаргаас эхэлж олгохыг УИХ-ын дарга Г.Занданшатар холбогдох албаныханд даалгав. 


УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, тус компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нартай уулзаж, зээлгүй буюу нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай танилцлаа.


УИХ-аас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуульд тэтгэврийн зээлтэй ахмадуудын зургаан сая төгрөг хүртэлх зээлийг тэглэх, зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ.



“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгийг Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, Т.Мөнхбаяр нар мэдээллээ.


Энэ ажлын төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.



Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, "2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн нэг саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238 мянган ахмад хамрагдана. Түүнд 216 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан гэж ярилаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар, "Тэтгэврийн зээлгүй буюу нэг сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудаас энэ ажлыг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын нэр дээр нэлээд санал хүсэлт ирж байна. Цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө гарч буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй байна гэж ахмуудад санал хүсэлтдээ дурдаж байгаа юм. Тиймээс ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх даваа гаргаас эхлэн яаралтай зохион байгуулах чиглэлийг Та бүхэнд өгч байна. Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай" хэмээв. 


Ийнхүү иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдлээ.


Ташрамд дурдахад, өмнө зургаан сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн юм. Одоо нийт ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх ажилд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдах аж.

Холбоотой мэдээ