Траяан Христеа: Европын кино наадмыг 10 дугаар сард нэг сарын турш зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
khandmaa@montsame.gov.mn
2021-05-10 12:34:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын өдрийг тохиолдуулан Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Траяан Лауренцю Христеатай ярилцлаа. 


-Европын өдрөөр танаас ярилцлага авах болсондоо баяртай байна. Та энэ өдрийн тухай товч танилцуулна уу?
-Жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдөр бид Европын өдрийг тэмдэглэдэг. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их сүйрэл, гамшиг дагуулсан дэлхийн хоёрдугаар дайны дараагаар Люксембургт төрсөн, Францын Гадаад харилцааны сайд агсан ноён Роберт Шуман 1950 оны 5 дугаар сарын 9-нд өнөөдрийн Европын Холбооны суурийг нэгэн санааг дэвшүүлсэн байдаг. Европын улс орнууд тусгаар тогтнолоо нэгтгэснээр Европ тивд ирээдүйд гарч болох аливаа дайн дажнаас сэргийлэх боломжтой гэсэн санаа байсан юм.

Үүнээс хойш ноён Шуманы мөрөөдөл аажмаар биелж Европын олон улс орон нэгдэж, сая сая иргэдийн амьжиргааны өндөр түвшинг хангасан, ардчилал, эрх чөлөө, хүний үндсэн эрхийг эдлэх боломж бүрдсэн байна. ЕХ нь улс төр, газар зүйн хүрээнд зорилтоо дэвшилттэйгээр өргөжүүлсээр олон улсад хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн томоохон дэмжигч, хамгийн том нэгдмэл зах зээл, олон талт үзлийг тууштай баримтлагч дэлхийн хэмжээний жинхэнэ тоглогч болжээ. Европ даяар хагас тэрбум орчим иргэдийг нэгтгэсэн эдгээр улс, үндэстэн өөрсдийн соёл, түүхээр бахархахын зэрэгцээ хамтдаа хүчтэй болохыг ойлгосон юм.

Манай холбоог үүсгэн байгуулсан тэр эрхэм хүмүүс өөр хоорондоо дайн өдөөхийн оронд, Европ тивдээ хийгээд дэлхий дахинаа энх тайван, ардчилал, хүний хөгжлийг дэмждэг шинэчлэгдсэн Европ тивийг бүтээх алсын хараатай байжээ.

Европын өдрийг өнөө жилийн хувьд хэрхэн тэмдэглэх вэ. Ямар үйл ажиллагаа төлөвлөөд байгаа вэ?

-Европын өдрөөр Европын Холбооны байгууллагууд, дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа эрхэлж буй Элчин сайдын яамд буюу Төлөөлөгчийн газрууд уламжлал ёсоор Европын эв нэгдэл, нийтлэг үнэт зүйлсийг тэмдэглэх, түнш орнуудтай тогтоосон харилцаагаа бататгахаар төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд хоёр дахь удаагаа коронавируст цар тахлын цаг үед Европын өдрийг тэмдэглэж байна. Харамсалтай нь, хөл хорионы улмаас Европын өдрийг тэмдэглэх олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байна. Дэлхийн олон оронд нөхцөл байдал түгшүүртэй байгаа ч ЕХ-ны Төлөөлөгчдийн газруудын хувьд төрөл бүрийн шинэлэг байдлаар онлайн арга хэмжээ зохион байгуулахад саад тотгор болохгүй юм.

ЕХ-ны Төлөөлөгчийн газраас тус Холбооны гишүүн орнуудын хамт 5 дугаар сарын 28-ны өдрийн баасан гарагт 19.00 цагаас Европын сонгодог хөгжмийн онлайн концерт зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэхүү концертыг тус Төлөөлөгчийн газрын @EUinMongolia YouTube суваг, @EUinMongolia Facebook хуудас болон телевизийн сувгаар дамжуулна. 

Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим 40 минутын турш есөн ЕХ-ны гишүүн орны хөгжмийн бүтээлийг тоглоно. Та бүхнийг энэ концертыг үзэж сонирхохыг урьж байна. Мөн концертын тухай мэдээллийг #EuropeDay2021 хаштагтайгаар бусаддаа түгээнэ хэмээн найдаж байна.


Мөн “Хамтдаа бид Европ” асуулт хариултын тэмцээнд оролцон, “ЕХ-ны гадаад бодлогын хэрэгжилт” фото зургийн үзэсгэлэнг үзэж, дэлхий дахинд суугаа ЕХ-ны элчин сайд нарын мэндчилгээг онлайнаар сонирхож болно.


Түүнчлэн уламжлал ёсоор, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас ирэх 10 дугаар сард онлайн Европын кино наадмыг нэг сарын турш зохион байгуулна. Европын Кино Наадам нь хүний мөн чанар, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, тэгш эрх, хууль ёсыг дээдлэх зэрэг бидний нэгдмэл үнэт зүйлсийг хуваалцах өвөрмөц нэг арга зам юм. Бид эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан европ болон монгол хүмүүсийн харилцааг илүү ойртуулна гэж найдаж байна. 

Цар тахал биечлэн уулзах боломжийг хязгаарлаад буй ч цар тахалтай тэмцэж байгаа, вируст өртөн зовж шаналж буй хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хамт байна. КОВИД-19 дэлхий ертөнцийг өөрчилж буй хэдий ч биднийг салган холдуулахыг зөвшөөрч үл болно. Эсрэгээрээ, дэлхий нийтэд тулгарсан энэ  сорилт өмнө хэзээ ч байгаагүйгээр дэлхийн хамтын нийгэмлэгийг улам нэгтгэн нягтруулж байна.

Бид КОВИД-19-тэй тэмцэж, үгүй хийн, улс орноо аюулгүй болгоход нь Монгол Улсын Засгийн газар, ард иргэдэд дэмжлэг үзүүлж байна. Энэ бол хоосон амлалт биш, бид үүнийг ажил хэрэг болгож байна. Зөвхөн хамтдаа бид үүнийг даван гарч чадна.

Европын өдрөөр ЕХ-ны нэрийн өмнөөс Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх үйлсэд тэргүүн шугамд ажиллаж буй бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид энэ хямралын үед амин чухал тусламж үйлчилгээг чин зоригтойгоор, тасралтгүй үзүүлж байгаа тэргүүн шугамын бүхий л ажилтанд итгэж найдсаар байна.

-Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээс онцлон танилцуулна уу?
-Юуны өмнө, Монгол Улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ дахин тодорхойлж, хариу үйлдэл үзүүлэх гурван үндсэн чиглэлээр Монгол Улсад 37.65 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгоод байна, Үүнд:

·Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

·Төрийн санхүүгийн удирдлагыг бэхжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдэд тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;

· Нийгмийн эмзэг бүлгийн хэрэгцээг анхааралдаа авч, нийгэм, эдийн засагт үзүүлэх КОВИД-19-ийн нөлөөллийг багасгах;

Европын Холбоо ба тус Холбооны гишүүн орнууд, Европын Хөрөнгө оруулалтын банкны хамтарсан "Нэг Европ Нэг баг" санаачилга 2021 оны сүүлээр нийт 1.3 тэрбум тун вакциныг бага болон дунд орлоготой 92 улсад хүргүүлэхээр КОВАКС хөтөлбөрт 3.2 тэрбум еврогийн санхүүжилтийг олгосон тэргүүлэгч хандивлагч юм. Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакцинаар иргэдийг вакцинжуулж байгаад баяртай байна.

Манай бусад үйл ажиллагаа дөрвөн тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжиж байна. Үүнийг дурдвал,
Төсвийн дэмжлэг олгож, техникийн туслалцаа үзүүлэх замаар төсөв санхүүгийн удирдлагыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд туслалцаа үзүүлэн Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, худалдааны чиг хандлагад төвлөрснөөр ажлын байрыг нэмэгдүүлэх: мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжиж, ЖДҮ-ийн санхүүжилт, нэмүү өртгийн сүлжээг сайжруулах, мөн Монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх зэрэг олон төслийг бид хэрэгжүүлж байна.

Мөн түүнчлэн Монгол Улсад хүний эрхийг хөхиүлэн дэмжиж байгаа бөгөөд хүүхдийн хүчирхийлэл, жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг болон хөдөлмөрийн эрх зүйг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Бусад олон салбарт (хөдөө аж ахуй, байгаль орчин, авилга, хэвлэлийн эрх чөлөө) иргэний нийгмийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, орчны бохирдлыг бууруулах илүү тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг бий болгоход ЕХ-ноос дэмжлэг үзүүлж байна.

 -Үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Европын Холбоо Монгол Улс хоорондын цаашдын хамтын ажиллагаа дараах гурван чиглэлд хэрэгжинэ.

Нэгд, Тогтвортой ногоон хөгжлийн чиглэлээр, тогтвортой уян хатан эко систем, хөдөө аж ахуйн менежмент бүхий илүү төрөлжсөн, цахимжсан, ногоон эдийн засагт шилжих, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицоход чиглэсэн бодлого, зохицуулалтын хүрээг бэхжүүлэх,  мөн хөдөө аж ахуй, ойн салбарын хүний хөгжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхюм. 

Хоёрт, Эдийн засаг, ардчиллын чиглэлээр, авилгын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, иргэний эрх зүйн боловсролыг сурталчилж, эрх зүйн системийн чадавхыг сайжруулснаар эрх зүйн системийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, “GSP”+ Хөнгөлөлтийн Ерөнхий Системийн хүний эрх, хөдөлмөрлөх эрх, байгаль орчин, сайн засаглалын 27 конвенцыг хэрэгжүүлэн худалдааны бодлого, дэмжлэг, экспортын бэлэн байдлыг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах, мөн төрийн санхүүгийн удирдлага, дотоод орлого бүрдүүлэлтийг дээшлүүлэх чиглэлд төвлөрнө.

Гуравт, Ногоон эрчим хүчний шилжилтийн хүрээнд, эрчим хүчний шилжилтийн зохицуулалт, институцийн тогтолцоог бэхжүүлэх, тогтвортой эрчим хүчний төслүүдэд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал болно. 
Холбоотой мэдээ