Мөнгөний уурхайн үйл ажиллагааг түр зогсоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-20 17:15:13

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт мөнгөний олборлолт явуулдаг “Жи Пи Эф” ХХК –ийн үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоосон байна. Энэ тухайд улсын байцаагч Р. Цэрэндоржоос тодруулахад, орд газарт байх ёстой бичиг баримт, тухайлбал, байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй байсан тул хяналт шалгалтын явцад уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон гэлээ.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар уул уурхайн төсөл нь тухайн нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, болзошгүй сөрөг үр дагаварыг арилгах, хянах зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах ёстой юм байна.

Энэ нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй хэсэг байх бөгөөд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батлахаар хуульчилсан байдаг.

“Жи Пи Эф” ХХК –ийн хувьд байгаль орчны менежментийн 2016 оны төлөвлөгөөгүйгээр ажиллаж байсан бөгөөд дээрхи хуулийн дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан байна. Мөн уурхайн баяжуулах үйлдвэрийн хаягдал хөрсөн дээр ил хаягдаж байгаа нь байгаль орчинд илтэд сөрөг нөлөөлөх зөрчил болж байгааг улсын байцаагч хэллээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ