Булган аймагт сүүлийн гурав хоногт халдвар нэмж бүртгэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-11 17:44:32

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар хийсэн мэдээллээр сүүлийн 24 цагт халдварын тохиолдол нэмэгдээгүй байна. Аймгийн хэмжээнд нийт 101 тохиолдол бүртгэгдсэнээс Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөрт 27, Тэшигт зургаа, Орхонд долоо, Булганд зургаа, Бүрэгхангайд тав, Бугат, Баян-Агт суманд тус бүр нэг байгаа юм.

Коронавирусний халдвар авсан иргэдийн 91 нь эдгэрчээ. Одоо 10 иргэн эмчлүүлж байгаагаас Булган суманд зургаа, Бүрэгхангай суманд /”Бүрдэл майнинг” компани/ дөрвөн иргэн байна. Тэдний биеийн байдал хөнгөн байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт халдвар авсан иргэнтэй харьцагч бүртгэгдээгүй бөгөөд Булган сумын 74 иргэн эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Түүнээс тусгаарлан ажиглах байранд 28, гэрийн ажиглалтад 46 иргэн байгаа аж.

"Коронавирусний халдвар авсан хүмүүсийн насны бүтцийг харахад залуучууд их эрсдэлтэй байна. Халдварын тархалт гэр бүлийн хүрээнд 50,1, найз нөхдийн хүрээнд 20,3 хувь буюу хамгийн ойр харьцсан хүмүүс өвчилсөн" гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа. 

Холбоотой мэдээ