Гялгар уутгүй сум болох ажлыг өрнүүлж эхэлжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-05-13 16:33:36

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төв Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллах 1 жилийн гэрээг хийн Говь-Алтай аймгийн Хөхморьт, Ховд аймгийн Дарви суманд "Экологийн ул мөр багатай амьдарцгаая" удирдамжийн хүрээнд гялгар уутгүй сум болох ажлыг өрнүүлж эхэлжээ. 

Аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын хэмжээнд олон нийтийн цахим хэрэгслээр дамжуулан “Байгальд ээлтэй даавуун тороо хэрэглэж хэвшье” уриатай цахим давалгааг эхлүүлсэн байна. Энэхүү аянд сумандаа ажиллаж, амьдардаг эмэгтэйчүүд, ээжүүд нэгдэн даавуун уут, торыг гэртээ үйлдвэрлэн өрхийн хэрэгцээгээ хангаж эхэлсэн байна. 

“Гялгар уутгүй сум” болох зорилтот ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төв Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран сумын малчид болоод ард иргэдэд гялгар уутны хор хөнөөл, хүний эрүүл мэндэд хэрхэн, яаж нөлөөлөх талаар мэдээлэл зөвлөмж өгч буй аж. Иргэд, малчид хог хаягдал, гялгар уутны талаар мэдээлэлтэй болсноор хэрэглээгээ багасгах, дахин ашиглах чадвар дадал, зан үйлд суралцах чухал ач холбогдолтой тухай Говь-Алтай аймгийн Насан туршийн боловсролын төвөөс мэдээллээ.

-“Байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахын тулд хамгийн их тулгамдаж буй хог хаягдал, гялгар уутны хэрэглээг багасгах, зөв зан үйлд суралцаж, хамтран хөгжих боломжийг эрэн хайж, хүрээлэн буй орчиндоо ээлтэй хандан, тогтвортой хөгжлийг дэмжих нь бидний зорилго юм. Асуудлыг олон хүн ярьж эхэлсэн цагаас л тэр жинхэнэ асуудал болдог гэсэн үг байдаг. Тийм ч учраас цахим ертөнцөөр дамжуулж даавуун уут оёх уриалгыг эхлүүлсэн. Цаашлаад иргэн бүр идэвх санаачилгатай байж хор уршгийг мэдсэн цагт “Гялгар уутгүй сум” болох бүрэн боломжтой. Үүнд хүн болгоны оролцоо маш чухал юм” гэлээ.


Холбоотой мэдээ