Данид устгасан усны булгуудын сэг зэмийг шатаахаар ухаж гаргаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-05-13 17:12:02

КОПЕНХАГЕН. /TASS/. Коронавирусний улмаас устгасан усны булгуудын сэг зэмийг ухаж гаргах ажлыг Данид пүрэв гаргаас эхлүүллээ гэж “Ritzaus Bureau” агентлаг мэдээлэв.


Энэ ажил бямба гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Нийтдээ 13.3 тонн жинтэй сэг зэмийг экскаватороор ухаж гаргах бөгөөд тусгай савуудад хийн шатаахаар явуулах аж.  


Өнгөрсөн онд Данийн усны булга үржүүлэх фермүүдэд коронавирус хурдацтай тархаж байсны улмаас тус улсын Засгийн газар хувьссан коронавирус хүнд дамжин халдварлахаас болгоомжлон нийт 17 сая усны булгыг устгахаар шийдвэрлэсэн юм. Түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэл усны булга үржүүлэхийг хориглосон хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлчээр баталжээ.


Устгасан усны булгуудыг булсан газруудын оршин суугчид эрүүл мэндэд нь эрсдэл учирч болзошгүй гэж гомдол гаргажээ. Эрх баригчид ундны ус бохирдохгүй гэж мэдэгдэж байгаа ч бохирдсон гадаргын ус нуур, гол мөрнүүдэд орох аюултай байгаа аж.

Холбоотой мэдээ