Оюутолгойн орлого өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-14 11:23:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45,449 тонн зэс, 145,656 унц алт олборложээ.


Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461,5 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж. “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526,5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302,8 хувиар өсжээ.


Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ. Оюутолгойн орлого нэмэгдсэнээр Монгол Улсад төлөх рояалти болон бусад татвар төлөлтийн хэмжээ өсөх аж.


Энэ талаар Оюутолгой компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайланг танилцуулсан юм.

Харин Оюутолгойн үйл ажиллагааны нийт зардал энэ оны нэгдүгээр улиралд 201,2 сая ам.доллар байсан нь өмнөх оны мөн үеэс долоон хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үйл ажиллагааны зардал өссөн нь борлуулалтын орлого, АМНАТ төлөлт нэмэгдсэн болон “COVID-19”-тэй холбоотой нэмэлт зардал гарсантай холбоотой гэжээ.


Гэвч далд уурхайн геологийн хүндрэл болон цар тахлын улмаас Оюутолгойн алт олборлолтын хэмжээг өмнө нь тооцож байсан 500-550 мянган унцаас бууруулахаар болжээ. Түүнчлэн “Туркойз хилл ресурс” Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаа нь оны хоёрдугаар хагаст Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаа, далд уурхайн бүтээн байгуулалтад нөлөөлнө гэж тооцож байгаа аж.

Холбоотой мэдээ