Г.Цогзолмаа: Манай улсад коронавирусний эмнэл зүйн хүнд хэлбэрийг үүсгэдэг мутац тархсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-05-14 11:56:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусний мутац болон манай улсад ямар хувилбар нь илэрч буй талаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа мэдээлэл өглөө.


Тэрбээр, “Коронавирус нь бусад вирусний адил өнөөг хүртэл мутац өөрчлөлтөд орж байна. Вирус нэгээс нөгөөд халдварлах явцдаа мутац өөрчлөлтөд орж байдаг. Хэдийчинээ олон хүнд тархана, төдийчинээ олон мутац өөрчлөлт үүснэ.

Коронавирус нь бүтцийн болон бүтцийн бус гэсэн уургийг агуулсан геномын бүтэцтэй. Энэхүү геномын бүтцэд өнгөрсөн жил 20 мянга орчим мутац өөрчлөлт бүртгэгдсэн. Үүний уургийн генийн бүтцэд 6000 орчим мутац өөрчлөлт бүртгэгдээд байна. Энэ бүхэн бүгд аюултай гэсэн үг биш юм.


Одоогоор анхаарал татаад буй 10 орчим хувилбар дэлхий нийтэд тархаад байна. Эдгээр хувилбар вирусний тархалтыг нэмэгдүүлж, эмнэл зүйн хүнд хэлбэрийг үүсгэж, дархлааны хариу урвалыг бууруулдаг нь тогтоогдоод байна.


Дэлхийн олон оронд бүртгэгдээд буй хувилбаруудын аюултай шинж чанар нь маш хурдан хугацаанд тархаж, өөр төрлийн хувилбарыг давамгайлдаг. Тухайлбал, Энэтхэгийн хувилбар тус улсад тархаад буй нийт хувилбарын 90 орчим хувийг эзэлж байна. Тус хувилбарыг ДЭМБ-аас “Дэлхий нийтийн аюул” гэж хэлсэн. Энэтхэгийн хувилбарын онцлог нь бусад хувилбартай харьцуулбал анх гарсан өдрөөсөө маш хурдацтай тархаж байгаа.


Манай орны хувьд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лавлагаа, лабораторийн 3 эрдэмтэн судлаач Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж, манай улсад тархаад буй хувилбарыг тодорхойлж судалгаа хийсэн. Ингэхдээ цаг хугацааны хувьд өөр, өөр сорьцыг авч явсан.


Манайд анх бүртгэсэн хувилбар Хятадад анх бүртгэгдсэн Ухань хувилбартай төстэй байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөгдөж одоогоор B.1.1.46 гэсэн хувилбар өргөн тархаад байна. Энэ хэлбэр нь дотроо тархалтыг ихэсгэдэг, эмнэлзүйг хүндрүүлдэг мутац өөрчлөлт илэрч байна.

Энэхүү хувилбар нь дэлхий дахинд өргөн тархаагүй. Энэтхэг, Англи, Австралид бүртгэгдсэн. Одоогоор манай оронд тархаад байгаа хувилбар нь вакцины үр нөлөөг бууруулах шинж тэмдэг тогтоогдоогүй байна. Хувирч байгаа вируст вакцины үзүүлэх нөлөөг судалж байгаа” гэв.

Холбоотой мэдээ