“Аэрофлот” компани вакцин хийлгэсэн хүмүүст урамшуулал олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-14 12:05:18

МОСКВА. /Kommersant/. ОХУ-ын “Аэрофлот” агаарын тээврийн компани коронавирусний вакцин хийлгэсэн хүмүүст 10 мянган миллийн урамшуулал олгохоор болжээ.


Энэ урамшууллыг “Аэрофлот бонус” хөтөлбөрт оролцогч эхний 10 мянган хүн авах аж. Урамшуулал эдлэх боломжтой хүмүүс оны эцэс гэхэд вакцин хийлгэсэн байх ёстойгоос гадна “Аэрофлот” компаниар дор хаяж нэг удаа үйлчлүүлсэн байх ёстой аж.


“Олон нийтийг вакцинжуулах аяныг дэмжих санаачилгын хүрээнд бид хөтөлбөр хэрэгжүүлж байна. Бид зорчигчид, ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалахад туслах алхмуудыг цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд эцсийн дүндээ коронавирусний цар тахлыг зогсоохыг зорьж байна” хэмээн тус компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна. 


“Вакцинжуулалтын миль” нэртэй урамшууллын хөтөлбөр нь 5 дугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх бөгөөд хөтөлбөрт «Аэрофлот» компанийн ажилтнуудаас бусад 18-аас дээш насны хүмүүс оролцох боломжтой аж.


Коронавирусний вакцин хийлгэсэн зорчигчдод дэмжлэг үзүүлэх санал дэвшүүлсэн захидлыг Бүх Оросын зорчигчдын холбоо Тээврийн сайд Виталий Савельев 5 дугаар сарын 12-нд илгээсэн байна. Үүнээс гадна вакцинжуулалтын хурдыг нэмэгдүүлэх шаардлагатайг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь цохон тэмдэглэсэн байна. Одоогоор ОХУ-ын 24 сая гаруй иргэн вакцины эхнийн тунгаа хийлгэжээ. 

Холбоотой мэдээ