Хэнтий аймгийн Сонгуулийн хороог АТГ-аар шалгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-06-21 09:46:03

Иргэний зориг-Ногоон намын зарим гишүүд дэмжигчид Хэнтий аймгийн Сонгуулийн хороог АТГ-аар шалгуулахаар болжээ.

Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигчдийг цаг хугацаандаа материалаа өгөөгүй гэдэг шалтгаанаар бүртгээгүйгээс сонгуульд оролцох боломжгүй болгож байгаа аж. Үүнийг ИЗНН-ынхан хувийн ашиг сонирхол нөлөөлсөн байж болзошгүй гэж үзсэн байна.

Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 17-нд “ИЗНН-ын нэр дэвшигчдийг сонгуульд оруулах нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан ч тус аймгийн Сонгуулийн хороо энэ шийдвэрийг хүлээн авахааас татгалзсанаас дахин давж заалджээ.

Хэнтий аймгийн Дархан сумын ИЗНН-ын үүрийн дарга Г.Батболд, “Дараачийн шүүх хурал хэзээ болох нь тодорхойгүй байна. Сонгуулиас өмнө болж оролцох эрх нээгдлээ ч сурталчилгаа хийж амжихгүй. Энэ үйлдлийг зориуд хэн нэгний захиалгаар хийж болзошгүй гэж үзэн шалгуулахаар өргөдөл гаргасан” гэлээ.

З.Эрэвгийлхам

Холбоотой мэдээ