ХЗБХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тавьсан хоригийг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-19 15:47:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй. 


Хуралдаанд Ерөнхийлөгчийн хоригийн талаар ЕТГ-рын дарга Ө.Шижир танилцууллаа. Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.” гэж Үндсэн хуульд огт нийцэхгүй шийдвэр гаргасан гэдгийг хоригт дурджээ.


Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шийдвэрлэсэн атал Үндсэн хуулийн цэц “зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, хүний эрх, эрх чөлөөг хааж, хязгаарлаж болох нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн үзсэн байна.



Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “… Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж хуульчилсан нь

  • нэг удаагийн шинжтэй,
  • Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”,
  • Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”,
  • Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”,
  • Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”,
  • Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцэхгүй,
  • Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй,
  • тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.


Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг асуулт асууж, Байнгын хорооны дарга болон УИХ-ын Тамгын газраас хариулт, тайлбар авсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх хоригтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлсний дараа санал, хураалаа. Хуралдаанд оролцсон 15 гишүүн санал нэгтэйгээр хоригийг хүлээж авах боломжгүй хэмээн үзсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ