Ажлын байрыг нэмэгдүүлэх жижиг, дунд үйлдвэрийг бодлогоор дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-19 15:36:07
Архангай /МОНЦАМЭ/. Аймагтаа үйлдвэрлэл эрхэлж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай аймгийн удирдлагууд танилцлаа.
Тухайлбал "Monline" спорт хувцасны үйлдвэрлэл эрхлэгч Б.Банзрагч гэр бүлээрээ анх спорт хувцас борлуулж эхэлсэн бөгөөд 2018 оноос өөрсдөө оёдог болсон байна. Тэд хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн хүргэхээр даавууныхаа чанарт ач холбогдол өгдөг байна. Тус үйлдвэр нь зургаан хүний ажлын байрыг бий болгож, өдөрт дунджаар 10-15 хос хувцас гаргадаг байна. Байгуулагдсан цагаасаа хойш давхардсан тоогоор 10000 гаруй хос хувцас үйлдвэрлэжээ. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажлын байраа нэмэгдүүлэхэд тоног төхөөрөмж дутагдалтай байгаагаа аймгийн удирдлагуудад дуулгаж байв. Уулзалтын эцэст тус үйлдвэр эрхлэгчдийн хүсэлтийн дагуу төсөл хөтөлбөрт хамруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Дараа нь аймгийн төвөөс 15 км-ийн зайд байрлах тахианы фермийн үйл ажиллагаатай танилцсан байна. Тус ферм анх 600 өндөглөгч тахиатай, МСҮТ-ийн хуучин зааланд үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Одоогоор 3000 өндөглөгч тахиатай болсон бөгөөд өдөрт дунджаар 2900 орчим өндгийг аймгийн төвийн хэрэгцээнд нийлүүлдэг байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, 10000 өндөглөгч тахианы аж ахуй болгох төлөвлөгөөтэй гэнэ. Ингэснээр аймгийнхаа өндөгний хэрэгцээг импортгүйгээр хангах боломжтой гэж үзэж байгаа аж. Тус фермийн хувьд нэн тулгамдаж байгаа асуудал нь цахилгааны агаарын шугам татах ажил юм. Энэ асуудалд аймгийн удирдлагууд анхаарч ажиллахаа илэрхийлжээ.
Холбоотой мэдээ