Эрхүү хоттой хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөлд томоохон үйлдвэрүүдийг байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Монгол, Оросын Найрамдлын нийгэмлэгээс зохион байгуулсан “Хамтдаа-100 жил найрамдлын буухиа” цахим уулзалтад Хөвсгөл аймгийн Засаг даргын Орлогч М.Хуягбаатар оролцлоо.
Энэ үеэр Хөвсгөл аймаг Эрхүү хоттой харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх Эко адал явдалт тусгай зориулалтын аялал жуулчлалын төрлүүдийг хөгжүүлэх, Хөвсгөл аймгаас мах экспортлох болон мал бордох, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хамтарсан үйлдвэр барих, Мал аж, ахуйн түүхий эдэд түшиглэсэн нэхмэл, сүлжмэл болон оёдлын үйлдвэр байгуулах талаар ярилцлаа.
Тус үйлдвэрүүдийг байгуулахад бүтээгдэхүүний чанарын тогтолцооны нэгдсэн стандарт, хил гаалийн үнэ тарифын зохицуулалтыг Монгол-Оросын Засгийн газар хоорондын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр ярилцлаа.
Мөн Монгол судлал, монгол хэлний чиглэлээр 1-2 оюутныг Хөвсгөл аймгийн зардлаар Монгол Улсын их дээд сургуулиудад сургах, Аж ахуйн нэгж компаниудын хооронд харилцаа тогтоож хамтран ажиллах, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах саналуудыг хүргүүллээ. Уулзалтад Монгол Улсын Их хурлын дарга, Эрхүү хотын Амбан захирагч, Монгол, Оросын Найрамдлын нийгэмлэгийн удирдлагууд болон бусад төлөөлөгч оролцлоо.