БНХАУ-ын баруун өмнөд нутагт хүчтэй газар хөдлөлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-05-22 11:56:25

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Юньнань мужид хүчтэй газар хөдлөлт болсны улмаас гурван хүн амиа алдаж, 27 хүн гэмтсэн талаар орон нутгийн удирдлагууд өнөө өглөө мэдээлжээ.


“Газар хөдлөлтийн чичирхийлэл мужийн 12 хот, тойрогт мэдрэгдсэнээс Янби тойрогт хамгийн хүчтэй байсан” гэж Юньнань мужийн намын дарга Ян Гуожун мэдээлсэн байна.


Амиа алдсан хүмүүсийн хоёр нь Янби тойрогт, нэг нь Ёнпин тойрогт амьдардаг байжээ. Гэмтсэн хүмүүсийн гурав нь хүнд бэртсэн бол 24 нь хөнгөн гэмтэл авчээ. Мөн нийт 20192 өрхийн 72317 оршин суугч газар хөдлөлтөд нэрвэгджээ.


Янби тойрогт 5.0 магнитудын хүчтэй дөрвөн газар хөдлөлт баасан гаргийн 21-23 цагийн хооронд болсон гэж Хятадын Газар хөдлөлт судлалын төвөөс мэдээлжээ. Түүнээс хойш 2 цагийн байдлаар 166 чичирхийлэл бүртгэгдсэн байна.


Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс рүү аврах албаныхныг илгээсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгааг эрх баригчид мэдээлжээ. 

Холбоотой мэдээ