Нийслэлийн 9 дүүрэгт 397 санал авах байр ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн Сонгуулийн хороо өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, ээлжит сонгуулийн санал хураалтын бэлтгэл ажил, санал авах байрны бэлэн байдал, зохион байгуулалтын талаар санал солилцож, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун зарим үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
Сонгуулийн тухай хуулийн 35.2-т зааснаар дүүргүүдийн сонгуулийн хороо санал авах байруудыг байгуулан ахлах зохион байгуулагч, зохион байгуулагч нарыг томилсон байна. Санал авах байрууд санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө буюу 06 сарын 24-нд бэлэн болгох юм. Энэ дагуу нийслэлийн есөн дүүрэгт 397 санал авах байр ажиллуулах болж, бэлтгэл ажлыг хангаж байна. Нийслэлийн хэмжээнд УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 924629 сонгогч бүртгэгдсэнээс Баянзүрх дүүрэгт 220,130 буюу 23.8 хувь, Сонгино хайрхан дүүрэгт 205,276 буюу 22.2 хувь, Баянгол дүүрэгт 140,846 буюу 15.2 хувь, Чингэлтэй дүүрэгт 111.022 буюу 12.0 хувь, Хан-Уул дүүрэгт 105.874 буюу 11.5 хувь, Сүхбаатар дүүрэгт 96.265 буюу 10.3 хувь, Налайх дүүрэгт 23,976 буюу 2.5 хувь, Багануур дүүрэгт 19,442 буюу нийт сонгогчдын 2.1 хувь, Бага хангай дүүрэгт 2,798 буюу 0.3 хувь сонгогч бүртгэгджээ.
Өнөөдрийн хуралдаанаар санал авах байрны бэлэн байдлыг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор зарим үүрэг даалгаврыг дүүргүүдийн Сонгуулийн хорооны дарга болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Онцгой байдлын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдлагуудад өгөв.
Н.Туяа