Улаанбаатар хотоос ирсэн хоёр иргэнээс халдвар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-27 11:45:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 184 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүний 92 сорьцод Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори, 92 сорьцод Зоонозын өвчин судлалын төвийн явуулын баг шинжилгээ хийсэн байна. Улмаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдэж, нийт 250 боллоо.   

Тодруулбал, Улаанбаатар хотоос нэг машинд хамт ирсэн хоёр иргэнээс Дарви суманд ажиллаж буй Зоонозын өвчин судлалын төвийн явуулын баг сорьц авч, шинжилгээ хийхэд халдвар илэрсэн аж.

Өчигдөр нэмэгдсэн нэг тохиолдол буюу Хөшөөтийн уурхайн "Тусгаарлах байр"-нд байсан халдвартай иргэн нь коронавирусний халдвараар өмнө нь өвчлөөд эдгэрч байжээ.

Тиймээс шинээр халдвар авсан иргэдийн тоонд оруулахгүй гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
“Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар дөрвөн хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс
нэг хүний биеийн байдал маш хүнд, бусад нь хөнгөн байна.

Мөн аймгийн хэмжээнд одоогийн байдлаар ойрын хавьтлын 13, тусгаарлан ажиглах байранд 13, гэрийн тусгаарлалтад 4, гэрийн ажиглалтад 276 иргэн байна. Иймээс иргэн бүр дэглэмээ барьж, халдвараас сэргийлэн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. 

Холбоотой мэдээ