Танхимын хуулийг бусад хуульд уялдуулан бизнесийнхэнд ашигтай байдлаар шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2021-05-28 18:44:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар бизнесийн төлөөлөлтэй өнөөдөр МҮХАҮТ-д уулзлаа. 

Тэрээр уулзалтын эхэнд хэлэхдээ, "Бизнес эрхлэгч нарт саад тотгор болж, хүндрэл үүсгэж буй зарим хууль, тухайлбал, Зөрчлийн тухай болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэх гэж байна. Бизнестэй холбоотой аливаа хууль, тогтоомжийг шинэчилж, шинээр батлан гаргахдаа бизнесийнхний үг, саналыг заавал сонсон хуулийн хэрэгцээ, шаардлага үр нөлөөний талаар бодит судалгаа, мэдээллийг тусгаж байя. Энэ талын зөвлөгөөг Танхимаас, мэргэжлийн холбоодоос өгч байя. Тэгээд Аж үйлдвэр, худалдааны зөвлөлөөр дамжуулж байя. Ингэснээр хууль эрхзүй, түүнээс улбаатай зүйл нэг хэсэгт нь давуу байдал үүсгэх бус нийт бизнес эрхлэгчдийн санал оновчтой тусдаг болно" гэдгийг онцолсон юм. 



"Тиймээс Худалдаа, аж үйлдвэрийн тухай хуулийг шинэчлэх хэрэгтэй байна. Энд бизнесийнхэн та бүхэн илүү зохион байгуулалтад орж, нэгдсэн бодлогоор өөрчилье. Бидэнд эдийн засгаа өргөжүүлж тэлэх боломж, зах зээл хангалттай байна. Энэ талаар хувийн хэвшлийнхэн маань Худалдаа, аж үйлдвэрийн танхим дотроо ярьж санал бодол, бодлого үйл ажиллагаагаа нэгтгэн зохион байгуулалтад оръё. Ингэж явдаг олон улсын хөгжлийн бэлээхэн жор байна, үүнийг МҮХАҮТ-тайгаа хамтран хэрэгжүүлье. 

Төр-хувийн хэвшлийн үр дүнтэй хэлцлийн, зөвшилцлийн механизмыг хөгжүүлэх нь чухал байгааг бид хаана хаанаа ойлгож байна. Бизнесээ ч тэр зөвшилцөх ардчиллын ийм шугамаар явъя. Цаашид бизнесийн орчинг улам боловсронгуй болгоход Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа-нэгдэл ойлголцол нэн чухал юм. Энд МҮХАҮТ-ын үүрэг оролцоо их юм" гэдгийг тэмдэглэв. 



Тэрээр, эдийн засгийн салбараар дагнасан танхимуудын байгууллагын үзэл баримтлал бүхий Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчлэн найруулах төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Өнөрболор, Б.Жавхлан нар өргөн барьж буйг дуулгаад, удахгүй УИХ батлан гаргахаар ажиллаж байна гэв. Ингэхдээ Танхимын хууль өөрчлөгдөн гарч тодорхой болж байж, үүнд суурилан уялдаж байж бизнесийн зарим хууль, тухайлбал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, ТББ-уудад шилжүүлэх зэргээр Зөвшөөрлийн тухай зэрэг хууль өөрчлөгдөнө гэдгийг тодотгож байлаа. Тодруулбал, Танхимын хуулийг бизнесийнхэнд ашигтай байдлаар, бусад хуультай уялдуулан шинэчилнэ гэсэн санааг илэрхийлж байв. Улмаар Гадаад хөрөнгө оруулалтын тухай болон Худалдааны тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай зэрэг хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна гэв. 


"Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах хуулийн төсөл бэлэн болсон. Эдийн засгаа илүү идэвхжүүлэх хүрээнд бодлогын яам байгуулж ажиллах чиглэл рүү явна. Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төсөлд санхүүжилт олгох чиглэлд бодлогоор дэмжиж ажиллана. Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авна. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар 1.7 нэгжээр буурсан.

Цаашдаа ААН-үүд нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай ажиллах чиглэл рүү явах ёстой. Худалдаа, аж үйлдвэрийн зөвлөлийг УИХ-ын даргын дэргэд байгуулахаар болсон. Цар тахлаас болж дэлхийн олон улсад хатуу хөл хорио тогтоосон. Манай улс хамгийн их хөл хорио тогтоосон улсын нэг мөн. Цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсон ААН-үүдийг нэг гараанаас гаргах, их сэргэлтийн бодлогыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлж байгаа. Өнөөдөр Монголбанктай ярьж байгаад зарим саналыг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр болж байна гэв. 

Ингэхдээ тэрээр, Монголбанкны зээлийн мэдээлийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган иргэний муу зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй болгож, цагаатгахаар болсноо мэдэгдсэн. Мөн бизнесийн байгууллагын зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй муу зээлийн хар жагсаалтыг цагаатгана. Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм. Харин цаашдаа иргэн, ААН-д муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл нээлттэй харагдаад явна гэдгийг ойлгоорой” хэмээн ярьсан юм.

УИХ-ын дарга үгийнхээ төгсгөлд, энэ оныг цар тахлаас үүдэн хүндэрсэн бизнес, эдийн засгаа сэргээх чухал үе хэмээн үзэж, төр, засаг-бизнесийнхний итгэл, ойлголцлыг шинэ шатанд гаргаж, байгаа боломжоо ашигласан, "COVID"-19"-ийн цар тахлын дараах эдийн засгийн их сэргэлтийн гараа жил байхын төлөө хүчээ нэгтгэхийг уриаллаа. 




Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, төр, засгаас авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар оролцож үг хэлэн, бизнесийн төлөөллийн саналыг сонсов. 




Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ