Ryanair-ийн онгоцтой холбоотой олон улсын эрхзүйн шийдэл

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2021-05-29 21:18:07

Хэдхэн хоногийн өмнө Афин хотоос Литва улсын нийслэл Вильнюс хотын чиглэлд нисэж байсан Ирландын Ryanair компанийн онгоцонд тэсрэх бөмбөг байж болзошгүй гэх мэдээллийн дагуу уг онгоцыг Беларусийн Минск хотод албадан буулгасан билээ. Гэтэл онгоцонд тэсрэх бөмбөг байгаагүй бөгөөд онгоцоор зорчиж явсан сэтгүүлч Роман Протасевичийг баривчлахын тулд Беларусийн эрх баригчид ийм арга сэдсэн нь дэлхий дахинд шуугиан дэгдээлээ.


Болсон хэрэг явдлын өрнөлийн талаар хэвлэлүүд хангалттай бичсэн учраас энэ удаад олон улсын эрхзүйн үүднээс уг үйлдлийг хэрхэн тайлбарлаж байгаа, олон улсын хуулийг зөрчсөн нь батлагдсан тохиолдолд Беларусийн талд ямар шийтгэл ногдуулах, Лукашенког эсэргүүцдэг сэтгүүлчийг суллуулах боломж бий эсэх талаар ВВС-гийн тоймчдын бичсэн нийтлэлийг толилуулъя.   


Онгоцыг албадан буулгах үндэслэл


Агаарын хөлгийн бүхээгт аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд уг асуудлыг Олон улсын иргэний агаарын тээврийн тухай Чикагогийн Конценциор зохицуулдаг бөгөөд нисэх онгоцыг замаас нь саатуулахтай холбоотой 3 bis гэдэг тусгай заалтыг 1984 онд Конвенцид нэмж оруулжээ. Энэ нь “онгоцыг саатуулах үед түүний бүхээгт байгаа зорчигчдын амь нас ба агаарын хөлгийн аюулгүй байдалд хохирол учруулж болохгүй” гэсэн заалт юм.


Үүний дагуу хэрвээ агаарын хөлөг тухайн улсын нутаг дээгүүр зөвшөөрөлгүйгээр нисэж байгаа, эсвэл Конвенцид зааснаас өөр зорилгоор нислэг үйлдэж байгаа гэдгийг нотлох үндэслэл байгаа тохиолдолд тухайн улсын зүгээс уг онгоцыг тодорхой заасан нисэх онгоцны буудалд буухыг шаардах эрхтэй. Нутаг дэвсгэр дээгүүр нь нисэж буй онгоцонд аюул бий болсон тохиолдолд тухайн онгоцыг албадан буулгахын тулд сөнөөгч онгоц хөөргөж, дагалдуулахыг зарчмын хувьд хориглодоггүй ажээ.


Эдийн засгийн дээд сургуулийн олон улсын эрхзүйн тэнхимын доцент Глеб Богуш-ын ярьснаар, агаарын хөлгийн бүхээгт ямар нэгэн эрүүгийн хэрэг үйлдэгдсэн бол тухайн онгоцыг эзэмшдэг агаарын тээврийн компанийг бүртгэж авсан улсын хуулийн дагуу хэргийг шийдвэрлэдэг байна. Гэхдээ Чикагогийн Конвенцид зааснаар, иргэний тээврийн онгоцуудыг албадан буулгахаас аль болохоор зайлсхийх, зайлшгүй тохиолдолд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг.


“Хэрвээ тухайн онгоцыг төлөвлөсөн чиглэлд нь буцаан оруулах, тухайн улсын агаарын орон зайгаас гаргах, хориотой бүс, нислэгийг хязгаарласан эсвэл аюултай бүсээс холдуулах, заасан нисэх онгоцны буудалд буухыг тушаах шаардлагагүй тохиолдолд тухайн онгоц хаанахын ямар онгоц болохыг таньж тогтоосноор түүнийг замаас нь саатуулах ажиллагаа хязгаарлагдана” гэсэн заалт дээрх баримт бичигт бий.   


Тэгэхээр Ryanair-тэй холбоотой саяны тохиолдолд нисгэгчийн хувьд Беларусийн диспетчерүүдэд захирагдаж, заасан газарт нь буухаас өөр аргагүй байлаа. Гэхдээ ямартаа ч Беларусийн эрх баригчид олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчсөн гэдэг нь тодорхой гэдгийг Богуш хэлсэн юм. Ямар учраас Вильнюст ойрхон нисэж байсан онгоцыг диспетчерүүд чиглэлээс нь илт хазайлгаж Минскт буулгасан бэ гэдгийг Беларусийн тал тайлбарлаж чадахгүй байна. 

“Хэрвээ онгоцны бүхээгт тэсрэх бөмбөг байгаа тухай мэдээлэл хуурамч байх тохиолдолд агаарын хөлгийг албадан буулгасан явдал нь Чикагогийн төдийгүй Монреалийн Конвенцийг зөрчсөн үйлдэл мөн гэдгийг Ливерпулийн их сургуулийн эрхзүйн профессор Константин Дегтярев хэллээ. Монреалийн Конвенци бол иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын эсрэг чиглэсэн хууль бус үйлдлүүдтэй тэмцэх ажиллагааг зохицуулдаг олон улсын баримт бичиг юм. Ташрамд дурдахад, Беларусь улс уг Конвенцид нэгдсэн хэдий ч Конвенцитой холбоотой маргааныг шийдвэрлэх олон улсын шүүхийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй болой.


Эдгээр хоёр баримт бичгээс гадна агаарын хөлгийг хууль бусаар булаан эзлэхтэй тэмцэх Гаагийн Конвенци гэж бий, гэхдээ энэ нь нисэх онгоцыг барьцаалж булаахтай шууд холбоотой учраас Ryanair-ийн онгоцыг албадан буулгасан хэрэг явдалд хамаагүй юм.


Төстэй тохиолдлууд


Ryanair-ийн онгоцтой холбоотой хэрэг явдал бол урьд өмнө үзэгдээгүй тохиолдол гэдгийг агаарын тээврийн салбарын шинжээч В. Лукашевич онцлон дурдлаа. Үүнтэй холбоотойгоор 2013 онд болсон нэгэн үйл явдлыг зарим хүмүүс сануулан дурдаж байна. Тухайн үед АНУ-ын тагнуулын албаны нууц файлуудыг задалж тараасан хэрэгт холбоотой Эдвард Сноуден Боливийн ерөнхийлөгч асан Эво Моралесийн онгоцоор зорчиж байж магадгүй гэсэн хардлагаас үүдэн Европын хэд хэдэн улс Боливийн онгоцыг нутаг дээгүүрээ нисгэхээс татгалзжээ.  


Хэдийгээр Засгийн газрын мэдлийн нисэх онгоцууд дээрх Конвенциудын үйлчлэлд хамаардаггүй боловч Моралесийн онгоц Австрийн нийслэл Вена хотод газардахаас аргагүйд хүрчээ. Уг онгоцонд Сноуден байхгүй гэдэг нь тодорхой болсны дараа Европын орнууд уучлал хүссэн байна. Тухайн тохиолдолд Моралесийн онгоцны чиглэлийг өөрчлүүлсэн боловч тодорхой нисэх буудалд албадан буулгаагүй билээ. 


Харин зорчигчийг нь баривчлахын тулд иргэний агаарын тээврийн онгоцуудыг албадан буулгаж байсан тохиолдол хэд хэд бий. Тодруулбал, 2016 оны 10 дугаар сард Киевийн “Жуляны” нисэх буудлаас хөөрсөн Беларусийн “Белавиа” компанийн онгоц эргээд буухаас аргагүйд хүрсэн байна. Учир нь, “Жуляны”-д нэн даруй буух заавар Украины диспетчерээс онгоцны даргад ирсэн боловч шалтгааныг нь тайлбарлаагүй байна.


Онгоц буцаад буусны дараа Украины тусгай албаныхан “антимайдан” хөдөлгөөний идэвхтэн, Орост амьдардаг Арменийн иргэн Армен Мартиросян-ыг баривчилжээ. Үүний дараа уг онгоц шатахуун аваад эргээд хөөрсөн бол Мартиросяныг тэр өдөртөө сулласнаар тэрбээр Минск рүү нисжээ. Үүнтэй холбогдуулан Украины Ерөнхийлөгч асан П.Порошенко Беларусийн удирдагч А.Лукашенкогоос уучлал хүсэж байв.


Ryanair-ийн хэрэг явдалтай төстэй өөр нэгэн тохиолдлыг дурдая. 2010 оны 2 дугаар сард Ираны сөнөөгч  онгоцууд Дубай хотоос Бишкек рүү нисэж явсан "Кыргызстан" компанийн Boeing 737 онгоцыг Бендер-Аббас хотод албадан буулгасан байна. Улмаар тухайн онгоцоор зорчиж явсан, Ираны зүүн өмнөд нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жундалла” террорист бүлэглэлийн толгойлогч Абдульмак Риги гэгчийг баривчилж байжээ.  


Беларусийг хариуцлагад татах хуулийн үндэслэл


Чикагогийн Конвенцийг зөрчсөнийх нь төлөө тухайн улс оронд хариуцлага тооцох үр дүнтэй механизм байхгүй гэдгийг Богуш хэллээ. Үүний тулд эхлээд Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүрээнд маргааныг шийдвэрлэх үйл явц олон шат дамжлагыг туулсаар Гаага дахь НҮБ-ын олон улсын шүүхээр орж байж эцэслэх учиртай.


Харин Беларусийн эрх баригчид “онгоцонд аюул учирсан тухай мэдээлэл ирсэн учраас зорчигчдыг шалгах явцад ноцтой гэмт хэрэгт сэжиглэгдэж буй Беларусийн иргэн санамсаргүй тохиолдлоор тэдний дотор байсан” гэх үндэслэлийг гаргаж тавьж магадгүй юм. Ийм байр суурийг Беларусийн албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулсаар байгаа бөгөөд тэдгээрийн дотор ОНТ сувгийн мэдээлснээр, Протасевичийг онгоц буусны дараа бус харин Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская-гийн туслах Ф.Вечорка сэтгүүлчийн гэрэл зургийг твиттер хуудсандаа нийтэлсний дараа баривчилсан ажээ.


Дегтярев-ийн үзэж байгаагаар, үүссэн нөхцөл байдлыг одоо НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хэлэлцэх ёстой. Олон улсын эрхзүйн үндсэн хэм хэмжээ, түүний дотор хүний эрхийг Беларусийн тал илт зөрчсөн. Ер нь бол, тухайн улс ямар нэгэн Конвенцийг батламжаагүй байсан ч гэсэн дээрх хэм хэмжээ үйлчилж байх ёстой.

Үүнтэй холбоотойгоор олон улсын эрхзүйн хүрээнд үйлчлэх механизмууд байдаг бөгөөд тэдгээрийг ашиглах уу, эсвэл Орос улс хориг тавих уу гэдэг нь өөрөө том асуудал. Хэрвээ Лукашенкогийн хувьд “цаашдаа шийтгэлгүй өнгөрч болох юм байна” гэсэн ойлголт төрөх аваас энэ нь дахиад зөрчил гарах урьдчилсан нөхцөл болно. 


Протасевичийг суллах боломж


Европын Холбооны /ЕХ/ удирдагчид Протасевичийг суллахыг шаардаж байгаа бол хариуд нь Минскийн эрх баригчид “Беларусийн иргэнийг Беларусийн нутаг дэвсгэрт саатуулан баривчилсан” гэсэн тайлбарыг өгч байна.


“Олон улсын хууль тогтоомжийн дагуу Протасевичийг суллаад Беларусиас гаргаж явуулах бодитой хувилбар одоогоор надад харагдахгүй байна. Түүнийг хаанаас ирснээс нь үл хамааран Беларусийн нутагт дэвсгэрт баривчилсан нь үнэн. Тэгээд ч Беларусь улс Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрт захирагддаггүй” болохыг Богуш хэллээ.

Протасевич-тэй холбоотой үүссэн нөхцөл байдал нь Беларусийн олон иргэнийг хулгайлсан, амийг нь хөнөөсөн, залхаан цээрлүүлсэн хэргүүдээс хууль эрхзүйн хувьд огт ялгаагүй. Энэ тохиолдолд Олон улсын эрхзүйн дагуу хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, шүүх хурлыг зохион байгуулах боломж нь улс орнуудад нээлттэй. Гэхдээ үүнийг хийж чадах улс орон байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Жишээ нь, ЕХ гэхэд дотроо эв нэгдэлгүй учраас Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авах асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй” гэж Богуш ярилаа.


Минскт оноох шийтгэл


Их Британи улс Беларусийн "Белавиа" компанийн онгоцуудыг өөрийн агаарын орон зайгаар нэвтрүүлэхгүй гэсэн хоригийг хамгийн түрүүнд тавьсаны зэрэгцээ Беларусийн нутаг дэвсгэрээр дайран нисэхгүй байхыг Британийн авиакомпаниудад зөвлөмж болголоо.  


Мөн ЕХ-ны дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр тус холбооны гишүүн орнууд руу нислэг үйлдэхийг Беларусийн компаниудад хориглох шийдвэр гаргасан байна. Үүний сацуу Беларусь руу нисэхээс татгалзахыг Европын агаарын тээвэрлэгчдэд уриалжээ. Үүний дараа Унгар, Австри, Латвийн онгоцууд Беларусийн агаарын орон зайд нэвтрэлгүйгээр тойрон нисэж эхэлсэн байна. 


Харин ИКАО хэрэг явдлыг дүгнэхдээ “Чикагогийн Конвенцийг зөрчсөн байж магадгүй” гэж байсан боловч дараа нь мэдэгдэл хийхдээ “уг Конвенцид агаарын орон зайгаа хаах, онгоцыг албадан буулгах эрхийг тусгаагүй” гэж залруулжээ. 

Ryanair компанийн захирал Майкл О'Лири мэдэгдэхдээ “манай Боинг онгоцыг Минскт албадан буулгасан явдал бол төрийн оролцоотойгоор онгоц булаасан үйлдэл мөн” гэсэн бол Грекийн ГХЯ “төрийн зүгээс агаарын дээрэм хийсэн” гэж Минскийг буруутгажээ.


Харин Оросын эрх баригчид үүнтэй огт санал нийлэхгүй байгаа бөгөөд бусад улсын зүгээс иймэрхүү үйлдэл хийж байсныг сануулан дурдав. Тухайлбал, “Роскосмос” корпорацийн захирал Д.Рогозин 2017 онд болсон үйл явдлын талаар ярихдаа, Польш, Румын хоёрыг “агаарын дээрэмчид” гэж нэрлэсэн байна. Тухайн үед Рогозин тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчдийг суулган Кишинев руу нисэж явсан S7 компанийн онгоцыг Польш, Румыны нутгаар нэвтрүүлээгүй учраас Минскт буухад хүрч байжээ.


Олон улсын хууль эрхзүйн үүднээс бол, “агаарын дээрэм” гэдэг нь агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хэлдэг бөгөөд асуудлыг 1970 оны НҮБ-ын Конвенциор зохицуулдаг байна. Гэхдээ ийм гэмт хэргийг үйлдэгч нь улс орон бус харин онгоцны бүхээгт байгаа хувь хүн гэж тодорхойлжээ.


Европын улстөрчид болсон хэрэг явдлыг А.Лукашенко-той шууд холбон үзэж байна. “Бүх зорчигчдын болон Беларусийн нутаг дээгүүр нисэж буй онгоцнуудын аюулгүй байдлын төлөө тус улсын засгийн газар хариуцлага хүлээх ёстой” гэж ЕХ-ны дипломат албаны тэргүүн Жозеп Боррель мэдэгдсэн байна. Беларусьт суугаа АНУ-ын элчин сайд Жули Фишер хэлэхдээ “дэлбэрэлтийн аюулын талаар хуурамч мэдээлэл өгч, Ryanair-ийн онгоцыг Минскт буулгаж, “Нехта” сувгийн сэтгүүлчийг улс төрийн шалтгаанаар баривчлахын тулд  МиГ-29 сөнөөгч онгоцыг хөөргөж байгаа нь аюултай бөгөөд жигшмээр үйлдэл. Лукашенко болон түүний дэглэм олон улсын хамтын нийгэмлэгийг басамжлан доромжиллоо” гэжээ.


Б.Адъяа

Эх сурвалж: ВВС

 

 

Холбоотой мэдээ