Монгол Улсын Ерөнхийлөгч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тохиож буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд:
“Монголын бүх хүүхэд, багачуулд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе!
Бидний ирээдүй болох 1.2 сая хүүхэд ихийг сурах, эзэмших, эх
орондоо тусыг бүтээх эрмэлзлээр жигүүрлэн өсөж байна. Монгол Улсыг дэлхийн
дайдад байр сууриа тамгалсан орчин үеийн хүчирхэг улс болгон хөгжүүлэх зам,
гэрэлт ирээдүйг шинэ үеийн хүүхэд, залуус Та нар дархална. Том мөрөөдөл тээж, томоор сэтгэж сураарай, дүү
нар минь.
Хүсэл мөрөөдлөө бодит болгох хамгийн дөт, шулуун зам бол боловсрол гэдгийг үргэлж санаж, мэдлэг чадвараа байнга төгөлдөржүүлэх, нээлттэй сэтгэж, бусдад бодол санааг ойлгуулах, бусдыг ойлгох харилцааны чадварт шамдан суралцахыг хүүхдүүд Та нартаа аминчлан захья.
Хүүхэд, багачуудын сурах, боловсрох хүслийг дэмжин тэтгэх, эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй нийгэмд өсөн торних нөхцөлийг нь бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй нийгмийн бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь Монгол төрийн үүрэг юм. Боловсрол, хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн бүх шатны ажилтан өдөр бүрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн санаж ажиллах учиртай. Хүүхдийн эрхийг хамгаална, тэднийг дэмжинэ гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа юм.
Монгол Улсын гэрэлт ирээдүйг төрүүлж, өсгөж буй аав ээж, гэр бүлийнхэнд нь Хүүхдийн баярын мэндийг дахин дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсын ирээдүй тунгалаг, гэрэл гэгээтэй байх болтугай” гэжээ.