Монгол Улсын Ерөнхийлөгч “Эхийн алдар” одон гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-01 20:27:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай.


Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10 843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4 224 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонг гардуулна.


Энэ үйл ажиллагааг эхлүүлж, Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр нийслэлийн ээжүүдийн төлөөлөлд “Эхийн алдар” одонг нь гардуулж, баяр хүргэсэн юм. Тэрбээр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлээд хэлсэн үгэндээ “Өнөр болох, эрүүл саруул иргэдтэй хөгжиж цэцэглэсэн Монгол Улсын төлөөх монголчуудын үе үеийн хүслийг гүйцээж, үр хүүхдээ сэтгэл зүрхнээсээ хайрлан өсгөж байгаад тань талархаж, Монголын төр ээж Та нарынхаа энгэрт багачуудынхаа хайрын бэлгэдлийг зүүж өглөө. Эх хүн үрдээ зориулсан зүтгэл, сэтгэлдээ харамсаж, хариу нэхдэггүй. Монголын төр ирээдүйн иргэдийнх нь төлөө гаргаж буй зүтгэл, сэтгэлийг тань бяцхан иргэдийнхээ өмнөөс үнэлэх үүрэгтэй юм. Одон гардагсдын дунд нэг хүүтэй байж байгаад гурван удаа ихэр хүүхэд төрүүлсэн, 7 хүүхдийн ээж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн Д.Оюумаа ирсэн байна. Танд баяр хүргэе! Ихрүүдийн ээж болон алдрай бяцхан үрсэд нь эрүүл энх, аз жаргалыг ерөөе. Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа ээжүүд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны иргэн Г.Баяртунгалаг, Ц.Баярцэцэг нарт төрсөн өдрийн халуун мэнд дэвшүүлье.


Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлого баримталж, эх хүүхдийг анхааралдаа байлгаж, эх хүний хөдөлмөрийг үнэлж, хүүхдийн ирээдүйд санаа тавьж байх учиртай юм. Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын хүүхэд багачууд эцэг эхийнхээ хайранд умбаж, эрүүл саруул, цог золбоо дүүрэн өсөн торних болтугай. Монгол эээжийн алдар бадартугай” хэмээжээ.


Түүнчлэн үдээс хойш нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулж байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолыг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байна.


Энэ жил нийслэлийн 300 ээжид “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, 3 924 ээжид хоёрдугаар зэргийн одон хүртээх аж. 







Холбоотой мэдээ