Хөл хорионы үеэр ашиг хүртэгчид ба алдагдал хүлээгсэд

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2021-06-01 11:32:47

Вакцинжуулалт идэвхижсэнээр бүтэн жилийн турш бизнесийн салбарыг хүчтэй ганхуулсан хөл хорионоос барууны орнууд эрчтэйгээр түргэн гарч байна. Дэлгүүр, зоогийн газрууд нээгдэж, хүмүүс ба компаниуд дахиад л мөнгөө үрж, зээл авч, барьж босгож, худалдаа наймаагаа хийж эхэллээ. Үүний зэрэгцээ цар тахлын хөл хорионы үеэр олсон ашиг, хүлээсэн алдагдлаа тооцож байна. 

 

Ашиг хүртэгчид

 

Эхлээд нүдэнд ил харагдаж буй зүйлийн талаар хэдэн үг дурдая.

 

Америкийн өндөр технологийн акулууд болох Amazon, Apple, Google, Facebook, Microsoft гэсэн 5 компани дэлхийн эдийн засагт давамгайллаа тогтоохоор урагшилж байна. Цар тахал нь эдгээр компанид аясын салхи мэт тааламжтайгаар нөлөөлж, интернэт худалдаа, онлайн харилцаа, гэрээсээ ажиллах чиг хандлага хүчээ авснаар компьютер, гажетууд, контент, интернэт-сурталчилгааны эрэлт хэрэгцээ эрс өслөө.   

 

Таван том “мангас”-ын нийт орлого оны эхний улиралд 40 хувиар өсөж, 300 гаруй тэрбум доллар болсон бол цэвэр ашиг нь 75 тэрбумд хүрчээ. Энэ бол бусад салбарынхны хувьд зүүдэндээ ч олохооргүй их мөнгө билээ.

 

Дэлхий даяар онцгой байдал тогтоогоод байсан өдрүүдэд эм үйлдвэрлэгч компаниуд ашгийн төлөөх өрсөлдөөнд тэргүүлж байсан. Гэхдээ хүмүүс маск, хүчилтөрөгч, вакциныг хоорондоо булаацалдах шахам худалдан авч байх тэр үед бусад эм, тоног төхөөрөмжийн эрэлт уналтанд оржээ. Эрүүл мэндийн салбарын бүх хүчийг ковидын эсрэг тэмцэлд дайчилснаар бусад төрлийн өвчнийг оношлох, эмчлэхэд тавих анхаарлыг илт сулрууллаа. Одоог хүртэл үйлчлүүлэгчид эмнэлэгт үзүүлэхээс аль болохоор зайлсхийж байгаа бөгөөд зайлшгүй шаардлагатай биш л бол эмчид очихоос цааргалсаар.

 

Хорт хавдрын эмчилгээнд зориулсан өндөр үнэтэй эм хэрэгслүүдийн борлуулалт тун тааруу байгаа гэдгийг Америкийн эмийн үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгчид болох Merck, Bristol Myers Squibb компаниуд хүлээн зөвшөөрлөө. Amgen компанийн борлуулдаг үений үрэвслийн эсрэг эмний борлуулалт буурсаар байгаа бол Их Британийн Reckitt Benckiser компанид үйлдвэрлэж буй хоолой өвдөх үед хэрэглэдэг Strepsils эмийн эрэлт эрс багасав. Учир нь, хүн хоорондын зай барих халдвар хамгааллын дэглэмийг баримталж буй үед ханиад томууны дэгдэлт бараг 90 хувиар буурчээ.

 

Тэгэхээр хамгийн эрэлттэй бараа болох Ковид-19-ийн эсрэг вакциныг үйлдвэрлэж буй компаниуд ашиг олсон байх учиртай.

 

Үнэхээр ч тийм. Гэхдээ хөгжингүй орнуудад бөөнөөр нь борлуулж буй 4 вакцины 2 нь л тэдгээрийг гарган авч үйлдвэрлэж буй компаниудад олон тэрбумын ашиг авчирлаа. Учир нь, Америкийн Johnson & Johnson, Швейцарь-Британийн AstraZeneca вакциныг үйлдвэрлэж буй компаниуд бүтээгдэхүүнээ өөрийнх нь өртгөөр худалдана гэдгээ мэдэгдсэн юм.

 

Харин Америкийн Pfizer, Moderna гэсэн 2 компани ийм амлалт өгөөгүй учраас тэдний дээрээс мөнгөөр бороо орж байна. Компаниуд хоёр тун вакциныг 30 орчим доллароор борлуулж байгаа бол AstraZeneca, Johnson & Johnson гэсэн хоёр вакцины үнэ түүнээс 3 дахин хямд. Ингэснээр жижигхэн Модерна компани өөрийн 11 жилийн түүхэнд анх удаагаа ашиг оллоо. Тус компани эхний улиралд 1,7 тэрбум долларын вакцин борлуулсан бол аварга том Pfizer үүнээс 2 дахин их орлого олсон ба энэ онд 26 тэрбумыг олохоор төлөвлөж байгаа аж. Олсон ашгаа америкчууд вакциныг гарган авсан Германы BioNTech компанитай эн тэнцүү хуваана.

 

Өргөн хүрээтэй дархлаажуулалтын аян нь хөгжингүй орнуудын эдийн засагт олон арван тэрбум долларын ачаалал нэмж байгаа хэдий ч барууныхан зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж олоод байна. Учир нь, АНУ, Европ хоёр хатуу хөл хорионоос гарч, бүтэн жилийн карантины дараа бизнесийн салбар идэвхжиж, хямралаас эрч хүчтэйгээр гарч байна. Түүхий эд ба барууны тансаг барааны эрэлтийг хөдөлгөгч хүч болох Хятад улс вирусээс түргэн ангижирч, үйлдвэрлэл ба хэрэглээний өсөлтийн хурдац нь ковидын өмнөх түвшинд эргээд хүрсэн нь энэ бүхэнд эергээр нөлөөллөө.

Европын дэлгүүрүүд хаагдсан боловч тансаг барааны зах зээлд тэргүүлэгч LVMH компанийн /Dom Pérignon, Louis Vuitton, Bvlgari зэрэг брэндүүдийг эзэмшдэг/ Хятад, АНУ дахь борлуулалт 8 хувиар өсжээ. Цүнх, алчуур үйлдвэрлэгч Hermès компанийн орлого нэг улирлын дотор 30 гаруй хувиар нэмэгдсэн байна.


Нөгөөтэйгүүр, эдийн засгийн сэргэлтээс их хэмжээний ашиг хүртэж буй салбарынхан бол чингэлэг тээвэрлэгчид юм. Хөл хорионы үеэр ачаа тээвэрлэлт буурсан боловч одоо эргээд эрс өссөнөөр тээврийн хөлс нэмэгдсэн төдийгүй ямар ч тохиолдолд ковидын өмнөх түвшин рүү буцаад буухгүй гэдэг нь тодорхой боллоо.

 

Номхон далайг гатлан Америк-Азийн хооронд чингэлэг тээвэрлэх үнэ ханш цар тахлын үеэр 3 дахин, Атлантын далайгаар дамжих тээвэрлэлтийн хөлс бараг 2 дахин өсжээ. Гэхдээ энэ бол үнийн дээд хязгаар биш, учир нь, Европ тивийн орнууд Ази, Америк хоёрын адил үйлдвэрлэл, хэрэглээний өсөлтөөр ковидын өмнөх түвшиндээ хүрээгүй байгаагийн дээр Суэцийн сувагт хөлөг онгоцууд гацсаны улмаас чингэлэг хомсодсон нь цаашдаа тээврийн хөлс нэмэгдэхэд нөлөөлнө.

 

Тээвэрлэлтийн үнэ ханш нэмэгдсэнээр Данийн Maersk компанийн ашиг оны эхний улиралд 2 дахин өссөн байна. Компанийн удирдлагын ярьснаар, далайгаар чингэлэг тээвэрлэх үнэ 2022 он хүртэл буурахгүй гэдэг нь тодорхой болжээ. Үүний дүнд тус компанийн ашиг оны эцэст 2 дахин өсөж, 10 тэрбумд хүрэх бөгөөд энэ мөнгөнөөс 7 тэрбумыг нь хувьцаа эзэмшигчдэд хуваарилж өгөхөөр төлөвлөж байна.

Европт ч гэсэн нөхцөл байдал үүнтэй төстэй байна. Шуудан хүргэлтийн DHL-ийг бүрэлдэхүүндээ багтаадаг Deutsche Post компанийн ашиг оны эхний улиралд 3 дахин нэмэгджээ. Энэ нь шуудангийн илгээмжийн тоо өссөн, интернэт худалдааны бүүм болж байгаа зэргээс шалтгаалснаас гадна зарим санамсаргүй хүчин зүйлтэй холбоотой юм.

 

Цар тахлаас өмнө онгоцны ачаа тээшний хэсэгт зорчигчдын чемоданаас гадна шуудан илгээмж ба бусад ачааг тээвэрлэдэг байсан. Цар тахал дэгдсэнээр агаарын зорчигч тээврийн салбар уналтанд орсон нь өөрийн гэсэн нисэх онгоцуудтай шуудан хүргэлтийн компаниудад давуу байдлыг олгож, нэмэлт орлого нь  эрс өслөө. 

 

260 онгоцтой DHL, 500 гаруй онгоцтой UPS, 700 гаруй онгоцтой FedEx компаниуд вакцин тээвэрлэх хэлцлийг АНУ-ын эрх баригчидтай байгуулав. Тэдгээрийн ашиг орлого нь хамгийн өөдрөг төсөөллөөс ч давж, UPS гэхэд улирлын орлого нь 27 хувиар өсч, 23 тэрбумд, FedEx-ийнх 21,5 тэрбум долларт хүрсэн байна. Агаараар ачаа тээвэрлэдэг эдгээр компанийн орлого цар тахлын хамгийн хүнд үед ч өссөөр байсан нь уламжлалт жижиглэнгийн худалдаа хүндрэлд орж, интернэт борлуулалт эрс нэмэгдсэнтэй шууд холбоотой. Гэтэл ердийн дэлгүүрүүд хөл хорионы шокноос гарч чадаагүй л байна.



Алдагдал хүлээгсэд  


Хувцас борлуулалтаар хамгийн том компаниудын нэгд тооцогддог Шведийн Hennes & Mauritz-ийн орлого өвлийн улиралд 20 хувиар унаж, 160 сая долларын алдагдалд орсон бол H&M брэндийн 1800 дэлгүүр хөл хорионы улмаас хаалгаа барьжээ.

 

Жижиглэнгийн худалдаачдаас гадна томоохон хотуудын төвд үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэн мөнгө олдог хүмүүс мөн алдагдал хүлээжээ. Их Британийн түрээслэгчид цар тахлаас өмнө үйлчлүүлэгчдээ алдаж байсан бол хөл хорио тогтоосноор байдал бүр ч дордов. Үүний улмаас худалдааны 7 цэг бүрийн 1 нь хоосон байна.  Түүнчлэн хоорондоо харилцах, сурч боловсрох, зугаацан цэнгэх гэсэн хүмүүсийн хүсэл дээр дөрөөлөн мөнгө олдог бизнес эрхлэгчдийн хувьд хямрал дуусах болоогүй байна.  

 

Хурал зөвлөгөөн зохион байгуулах тал дээр дэлхийд тэргүүлдэг Британийн Informa компани 1 тэрбум гаруй фунтын алдагдал  хүлээсэн ба олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг компаниудын орлого бусад салбарынхнаас хамгийн сүүлд ковидын өмнөх үедээ буцаж хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, цар тахал зогсч, хөл хорио бүрэнн цуцлагдсан тэр үед л үйл ажиллагаа нь хэвийн болох төлөвтэй.  

 

Харин хашир болгоомжтой, хянуур тооцоотой банкны эзэд хөл хорионы дараах энэ үед санамсаргүй байдлаар багагүй ашиг олжээ. Цар тахлын оргил үед тэд “аюулгүйн дэр”-ээ урьдчилаад бэлтгэчихсэн байсан бөгөөд энэ удаагийн хөл хорионы үед бүх зүйл санасныг бодвол тийм ч муу биш байлаа. Эрсдэлээ тооцсоны үндсэн дээр “цааш нь далд хийсэн” мөнгөнийх нь зарим нь огт хэрэг болсонгүй.

 

Өвлийн улиралд хүндрэлүүд гарч байсан бол хавар, зуны үед хүмүүсийн сэтгэл санааны байдал ерөнхийдөө өөдрөг байна. Барууны эдийн засаг түргэн сэргэж байгаад менежерүүдийн сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэд "Ашиг орлогыг нь нэмэгдүүлж, үгүй юм аа гэхэд алдагдлыг нь зогсоож чадна” гэдгээ өмчийн эздэд амлаж байгаа юм. Цар тахлын үеэр Amazon, Apple, Google, Facebook, Microsoft-ийн хувьцааг их хэмжээгээр худалдан авч байсан хөрөнгө оруулагчид хөл хориог тэсэн даваад, бизнесийн үнэ цэнээ өсгөж буй бусад компанийн хувьцаанд хөрөнгөнийхөө заримыг оруулаад эхэлжээ.

 

Б.Адъяа

Эх сурвалж: ВВС 

 


 [U1]гээ

Холбоотой мэдээ