Ч.Цолмонтуяа: Байгууллагууд QR код байршуулсан боловч иргэд уншуулдаггүй, бүртгэл хөтлөөгүй зөрчил байсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-02 19:43:27

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлын хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаарх тодруулгыг тус газрын Төрийн захиргаа эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Ч.Цолмонтуяатай уулзаж авлаа.


-Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?

-Мэргэжлийн хяналтын газар нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлын хүрээнд 51 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгууллагын шуурхай штабыг байгуулан гамшгийн үеийн бэлэн байдалд ажиллаж байна. 2021 оны эхний хагас жилд хийхээр төлөвлөгдсөн 429 хяналт шалгалтыг түр хугацаагаар хойшлуулж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан орон нутгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, тэмцэх чиглэлээр түлхүү ажиллаж байна.

Тухайлбал коронавирусний халдвар дэлхий нийтэд бүртгэгдсэнээс хойш Мэргэжлийн хяналтын газар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Засаг даргаас гаргасан нийт 55 захирамж, зарлиг, тогтоол, шийдвэр, тушаал, үүрэг даалгавар, зөвлөмж, чиглэлийг мөрдүүлэхээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд зөвлөмж сэрэмжлүүлэг, хугацаатай үүрэг даалгаврыг тогтмол өгч, зөрчил дутагдлыг арилгуулан ажиллалаа. 

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд ажиллаж байна. Энэ үед халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлэн ажиллав? Зөрчил дутагдал гарав уу?

-Тийм ээ. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 537, Эрүүл мэндийн 45, эмийн 36, үсчин гоо сайхны 18, төрийн ба төрийн бус байгууллага 256 аж ахуйн нэгж, иргэнд хугацаатай албан даалгавар, долоон төрлийн зөвлөмжийг өгсөн байна.


Мөн долоон төрлийн тусгай шаардлага, нэг төрлийн мэдэгдэл, зургаан төрлийн 1950 удаагийн сэрэмжлүүлгийг хүргүүлжээ. Түүнчлэн байгууллагаас 15 төрлийн постерыг олон нийтийн сүлжээнд байршуулан, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, цэвэрлэгээ ариутгалыг тогтмолжуулах ажлыг тухай бүр нь зохион байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд хүн хоорондын зай барих, аж ахуйн нэгж, байгууллагууд QR код байршуулсан боловч иргэд уншуулдаггүй, биеийн халуун хэмжиж, бүртгэл хөтлөөгүй, үйлчлүүлэгчдэд зориулсан гар угаах, бие засах нөхцөл хангагдаагүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй зэрэг зөрчлүүд илэрч байна.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналт, шалгалтын ажлыг хэчнээн удаа хийв?

-Коронавирусний халдвар, хүнсний аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг аймгийн хэмжээнд хүнсний худалдаа эрхлэгч 365, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 28 иргэн аж ахуй нэгжийг хамруулан зохион байгуулсан. Энэ үеэр нийт 254 зөрчил илрүүлэн 35 хувийг нь газар дээр нь арилгуулж, 64 заалттай улсын байцаагчийн найман зөвлөмжийг өгсөн. Түүнчлэн 32 заалттай, зургаан албан шаардлагыг хүргүүлэн хэрэгжилтийг нь хангуулан ажилласан. Энэ үеэр хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, чанар аюулгүй байдлаа алдсан 55 нэр төрлийн 2.289.280 төгрөгийн хүнсний түхий эд бүтээгдэхүүнийг холбогдох журмын дагуу устгуулж, 1879 зөрчил дутагдал илрүүлэн 1556 буюу 82 хувийг нь арилгуулж, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар дөрвөн аж ахуй нэгжид 3.500.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж ажилласан байна.

-Халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр хүнсний тээвэрлэлт хийж байсан? Энд ямар хяналтыг тавив?

-Улаанбаатар хотоос Улиастай чиглэлд ачаа тээвэрлэн ирж буй 87 тээврийн хэрэгслийн ачаа буулгах, ачаа солилцох, халдвар хамгааллын дэглэм болон зай барьж буй байдалд хяналт тавьж ажилласан байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр болон хатуу хөл хорионы үеэр Улаанбаатар хотоос хүнс, шатахуун, барилгын материал, эмнэлэг, эм хангамжийн бараа тээвэрлэн ирсэн. Мэдээж энэ үеэр хариуцсан улсын байцаагч нар хяналт тавин, ажиллаж байгаа. Одоогийн байдлаар зөрчил дутагдал гараагүй. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг химийн бодисоор шүршиж ариутгах боломжгүй учир халдвар хамгааллын дэглэмийг баримтлан түгээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

-Халдвараас урьдчилан сэргийлэх хөл хорионы үеэр байгууллага бүр цахимаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Танайхаас нийт хэчнээн алба хаагч бэлэн байдалд ажиллав?

-Мэргэжлийг хяналтын газар нь өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хэвийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага тул хэвийн горимоор ажиллаж байна. Энэ хугацаанд 44 албан хаагч 31680 илүү цагаар ажиллажээ. Мөн байгууллагаас цахим орчинд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дүрэм, журмыг тогтмол мэдээлж байна. Мөн байгууллагын албан ёсны вэб сайт, фэйсбүүк хуудсанд 415 зөвлөмжийг байршуулж, хэвлэмэл материал, постер хуудас 5060 ширхгийг хяналтын чиглэл бүрээр тарааж, иргэд олон нийтийг мэдээ мэдээлэл, заавар зөвлөмжөөр ханган ажиллаж байна.

Түүнчлэн Khynalt.za.gov.mn бүртгэлийн системийг нэвтрүүлэн коронавируст цар тахал /соvid-19/-ын халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг хангуулан ажиллалаа. Их-Уул сумын хяналтын постод гэхэд 24 цагаар үүрэг гүйцэтгэн давхардсан тоогоор 19 албан хаагч ажиллаж, орох чиглэлд 6940 тээврийн хэрэгсэл, 19838 зорчигч, гарах чиглэлд 5546 тээврийн хэрэгсэл, 14495 зорчигчийн бичиг баримт, биеийн халуун, шинжилгээний хариуг шалган хяналт тавьж нэвтрүүлсэн байна.

Аймгийн тандалт судалгааны багт гурван албан хаагч тогтмол ажиллаж, коронавирусний батлагдсан 497 тохиолдлын явсан зам мөрийн зураглалын дагуу 323 айл өрх, 16 тусгаарлах байр, худалдаа үйлчилгээний 123 нэгжид хяналт тавьж ажилласан байна. Мөн бусад үйлчилгээний байгууллага нэгж 124-ийг хамруулан нийт 94389 мкв талбайд Зоонозын өвчин судлалын төв, сумын Эрүүл мэндийн төв, Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай сумын хатуу хучилттай зам талбай нийтийн эзэмшил орон сууцны хонгил тоглоомын талбайн 555000 мкв талбайд эцсийн халдваргүйтгэл хийн хяналт тавьж ажиллажээ.
Харин хүнс худалдааны аж ахуй нэгжийн 437 цэгийн 27520 мкв талбай, эрүүл мэндийн 40 байгууллагын 19183 мкв, боловсролын 9 байгууллагын 14661 мкв талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийлгэж хяналт тавьжээ. Түүнчлэн нийтийн эзэмшлийн 353340 мкв, бусад байгууллагын 157 нэгжийн 39610 мкв буюу нийт 454314 мкв талбайд тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдээр урьдчилан сэргийлэх халдваргүйтгэлийг хийлгэж хяналт шалгалтад хамруулан мэргэжил арга зүйн зөвлөгөөг тухай бүр нь өгч ажилласан байна.

Харин коронавирусний халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал үйлчлүүлсэн 123 хүнсний дэлгүүрийн 7380 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйтгэл хийхэд хяналт тавин 18 ариутгалын бодис, зургаан ажлын уусмалаас дээж авч итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан. Аймгийн 24 сумын 33 тусгаарлах байр, 449 ор буюу түүнд тавигдах эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна. 


Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ