Японы парламентын Дээд танхимын сонгуулийн кампанит ажил эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-22 11:06:49

ТОКИО. /NHK/. Хэдэн зуун нэр дэвшигч оролцох Японы парламентын Дээд танхимын сонгуулийн кампанит ажил албан ёсоор эхэлж байна.  

Санал хураалтыг долдугаар сарын 10-ны өдөр явуулахаар товложээ. Дээд танхим нийт 242 суудалтай бөгөөд 3 жил өнгөрсний дараа тэдний тал хувь нь мажоритар болон пропорциональ тогтолцоогоор дахин сонгогддог юм.  

Мягмар гарагийн байдлаар, сонгуульд өрсөлдөнө гэдгээ нийт 387 хүн мэдэгдээд байна.

Сонгогчид “Abenomics” гэгддэг Ерөнхий сайд Шинзо Абэгийн явуулж буй эдийн засгийн бодлогын үр дүнг үнэлэн дүгнэх гэж байна.

Түүнчлэн гуравдугаар сард хүчин төгөлдөр болсон Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь сонгуулийн өмнөх мэтгэлцээний гол сэдвүүдийн нэг байх болно. 

Ерөнхий сайд Абэ-гийн хэлснээр, түүний удирдсан эрх баригч эвсэл энэ удаад парламентад олонх болох  зорилготой байгаа аж. Энэ нь 121 суудлаас дор хаяж 61-ийг нь авна гэсэн үг юм. Энэ удаагийн парламентын сонгууль нь санал өгөх насыг 20-оос 18 болгосноос хойш болох гэж буй улсын хэмжээний анхны сонгууль юм. Өөрөөр хэлбэл ойролцоогоор  2.4 сая залуус сонгуульд оролцох боломжтой байна гэсэн үг.

Хууль тогтоогчид санал өгөхөд гардаг тэгш бус байдлыг залруулахын тулд тойргуудыг дахин өөрчилж байгуулсан байна. Зарим газруудад мандатын тоог цөөрүүлсөн бол Токио болон бусад хүн ам олонтой газруудад илүү олон мандат хуваарилжээ.

Сонгуулийн кампанит ажил  7 дугаар сарын 9-ний бямба гараг хүртэл 18 өдрийн хугацаанд үргэлжилнэ.

Х.Сарнай




 

Холбоотой мэдээ