Дүрвэгчдийн хямралд Жоли сэтгэл зовниж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-22 11:18:22

ВАШИНГТОН. /ВВС/. Холливудын жүжигчин Анжелина Жоли даваа гарагт “Дэлхийн дүрвэгчдийн өдөр” болсонтой холбогдуулан дүрвэгчдийн хямралд сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх Дээд комиссарын тусгай төлөөлөгчөөр ажиллаж байгаа Жоли Вашингтон хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хамт хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэл хийсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “мөргөлдөөний улмаас 65 сая хүн дүрвээд байгааг ойлгохыг би хүмүүсээс хүсч байна. Үл тоомсорлож болохооргүй тийм дайнтай бид нүүр тулаад байна” гэв.

Хэвлэлийн бага хурлын дараа Жоли лалын шашинт цагаачидтай уулзаж, шашин шүтлэг болон арьсны өнгөөр ялгаварлан гадуурхдаггүй нийгэм ямар чухал болох талаар ярилцжээ.

Дүрвэгчдийн талаарх бодлого нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын гол сэдвүүдийн нэг болоод байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Дональд Трамп “Лалын шашинтнуудыг АНУ-д нэвтрэхийг хориглох хэрэгтэй” гэж үзэж байгаа билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ