Ж.Байден Беларусийн эсрэг хориг арга хэмжээг нэг жилээр сунгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-09 10:31:48

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Беларусийн албан тушаалтнуудын эсрэг авсан хориг арга хэмжээг нэг жилээр сунгажээ.


Зохих тогтоолд тэрбээр гарын үсэг зурж, энэ талаарх мэдэгдлийг Конгресс илгээсэн байна.


Тогтоолд дурдсанаар, Беларусийн Засгийн газрын зарим төлөөлөгч, бусад албан тушаалтны үйлдэл, баримталж буй бодлого АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод онцгой аюул учруулсан хэвээр байна гэжээ. АНУ-ын төрийн тэргүүний мэдэгдсэнээр, тэд мөн Беларусийн ардчиллын үйл явц, тогтолцоог нурааж байна гэв.


Хүмүүсийг баривчлан саатуулах, тэд сураггүй алга болохоос гадна авлига, төрийн өмчийг зүй бусаар ашиглах, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг улс төрийн хавчлага шахалттай холбоотойгоор тэнд хүний эрх зөрчигдөж байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж байна. Үүнтэй холбогдуулан ерөнхийлөгч хоригийн үйлчлэх хугацааг нэг жилээр сунгажээ.


Ж.Байденаас өмнөх үеийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Барак Обама нарын үед Беларусийн эсрэг хязгаарлалтыг хэвээр нь үлдээх тухай шийдвэрийг гаргахдаа материалыг дээр дурдагдсантай ижил хэлбэрээр найруулж байжээ. Беларусийн хүний эрхтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэж Вашингтон үзэж байгаа аж. 

Холбоотой мэдээ