Үл мэдэгдэх хар өтнүүд малын бэлчээрт үүрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-23 12:53:32

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутагт үл мэдэгдэх хар өт их хэмжээгээр гарч ирсэн тухай тус сумаас аймгийн ХХАА- н газарт мэдэгджээ.

Энэ дагуу өчигдөр орой уг өтнөөс авсан дээжийг аймгийн ХХАА-н газрын лабораторид авчирсан бөгөөд үүнийг Улсын ургамал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборторит нэн даруй шинжлүүлэхээр өнөөдөр явуулах гэж байна гэж ХХАА- н мал аж ахуйн хэлтсийн дарга Т.Мөнхбат хэллээ.

Хэдийгээр бороо хуртай, зуншлага сайхан болж буй ч малын бэлчээрт учир үл мэдэгдэх хар өт хорхой олноор гарч ирсэн нь малчдад таагүй байдал үүсгэж, даруй арга хэмжээ авч өгөхийг холбогдох байгууллагуудаас хүссэн байна. Энэ өтнүүд тус сумын Гүн толгой, Ухаа худаг, Духын моторт, Хаяагийн говь, Тойрмын ус, Хонгорын энгэр элгэн, Муу хаяа , Сүүлийн ар, Бөгтөрийн зүүн урд тал зэрэг нутгийн ихэнх хэсэгт үүрлэжээ.

Бэлчээрийн ургамал, хөрс, малд сөрөг нөлөөтэй эсэхийг шинжилгээний явцад тодорхойлуулж, үүний үндсэн дээр арга хэмжээ авах юм байна.

Уржнан жил Эрдэнэдалайн нутагт мөн олон тооны царцаа ингэж бууж байжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ