Дурангийн мэс заслыг хөгжүүлэхийн чухлыг онцлов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-23 14:22:59

Сүүлийн жилүүдэд мэс заслын практикт дурангийн мэс засал хурдацтай хөгжин Япон, БНСУ-д нийт мэс заслын 80-90 хувь, манай улсын 10 орчим хувийг эзэлж байгааг өнөөдөр эхэлсэн “Дурангийн мэс засал-Эмэгтэйчүүдийн хавдар судлалд” олон улсын онол практикийн хурлын үеэр онцлов.

ХСҮТ, Ази далайн орнуудын эх барих эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, Монголын эмэгтэйчүүдийн хорт хавдартай тэмцэх үндэсний нийгэмлэг хамтран зохион байгуулж буй тус хуралд Монгол, БНСУ-ын АСАН Эрүүл мэндийн төв, Японы мэргэжилтнүүд эмэгтэйчүүдийн хавдар судлалд нэвтрүүлж буй орчин үеийн дэвшилтэт аргуудын талаар илтгэл хэлэлцүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн судалгаагаар эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдар нас баралтын  хоёр дахь шалтгаан болж, өвчлөлийн тоо жилээс жилд нэмэгдэн, 70-80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Эмэгтэйчүүдийн  хортой, хоргүй хавдар, хавдрын урьтал, хорт хавдрын эхэн үед мэс заслын төгс эмчилгээ гэж байдаг. Мэс заслын эмчилгээ дотроос дурангийн хагалгаа нь өвчтөндөө зовиур шаналгаа, алсын хүндрэл багатай учир дурангийн мэс заслыг хөгжүүлэх нь ач холбогдолтой гэдгийг эмч нар хэлж байна.

ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, Э.Амарсанаа хэлэхдээ, “ХСҮТ 2009 оноос умайн хүзүүний хавдартай өвчтөнүүдэд умайг авах мэс заслыг дурангаар хийж эхэлсэн. Жил ирэх тутам дурангийн мэс заслын тоо өсч байна. Энэ нь өвчтөндөө аюулгүй, үр дүнтэй арга юм. Манай тасгийн хувьд жилд 2-3 төрлийн шинэ мэс заслын оношилгоо, эмчилгээний аргыг  нэвтрүүлж байна. Бид зөвхөн хавдартай умайг авах биш үлдээх, өөрөөр хэлбэл нөхөн үржихүйн залуу насны дахин төрөх хүсэлтэй иргэдийн хавдрыг нь  аваад тухайн эрхтэнийг нь үлдээх, хавдар үсэрхийлсэн байж болох тунгалагийн булчирхайд дурангаар хийх хагалгааг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн хийж байна” гэв.

Тус тасаг нь 23 ортой, эмэгтэйчүүдийн байрлалын хорт хавдрын орчин үеийн өвөрмөц эмчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг байна. Жилд 700 орчим хүн хэвтэн эмчлүүлдгээс өнгөрсөн онд 550 тохиолдолд мэс заслын эмчилгээ хийжээ.

Хурал маргааш өндөрлөнө.

Ж.Болор

Холбоотой мэдээ