Энэ жил цусны хүндэт донор нэгээр нэмэгдлээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-14 20:01:56

Ховд /МОНЦАМЭ/. Жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг "Цусны донорын дэлхийн өдөр" болгосноор 2004 оноос эхлэн Монгол Улсад тэмдэглэж буй.

Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал П.Гэрэлсүрэн сүүлийн жилүүдэд тогтмол хугацаанд цусаа бэлэглэсэн доноруудад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийллээ.

Ховд аймгийн хэмжээнд 1000 гаруй цусны донор байдаг. Жилд дунджаар 450-500 гаруй хүн цусаа бэлэглэдэг байна. Энэ жил хүндэт донор нэгээр нэмэгдэж, нийт 42 боллоо. 

Тодруулбал, 2021 оны хүндэт донороор Баастын Пүрэвсүрэн шалгарсан ба Бахархал 10, 20, 30, 40 тэмдгээр бусад донорыг шагнаж урамшуулжээ. 

Энэ жилийн тухайд хүний амь аврагдсан тохиолдол 10 байгаа нь танихгүй хэн нэгэнд зориулан цусаа бэлэглэж байгаа доноруудын ариун үйлсийн үр дүн, ач буян гэж албаныхан онцоллоо. 

Мөн энэ жил “Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя” уриан дор гурван сарын хугацаатай аян зохион байгуулж байгаа ба ирэх есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн цусны салбар төвөөс 17-60 насны иргэд цаашид цусаа хандивлаж, хүний амь аврах хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулахыг уриаллаа. 

  

Холбоотой мэдээ