Булган аймгийн зургаан суманд хөл хорио тогтоогоод байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-15 17:49:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссоос коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга, дэд хурандаа Н.Хишигдорж:

- Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын тохиолдол Булган суманд нэг, Гурванбулаг суманд хоёр батлагдаж, нийт халдвар авсан 386 иргэн байна. Өнөөдрийн байдлаар 115 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 111, хүндэвтэр хоёр, хүнд хоёр байна. Хангал, Гурванбулаг, Могод, Рашаант, Баяннуур суманд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд гарах, орох хөдөлгөөнийг 3-7 хоног, Дашинчилэн суманд тодорхойгүй хугацаагаар хязгаарласан гэлээ.

Аймгийн Онцгой комиссын гишүүн, Цагдаагийн газрын ахлах байцаагч, хошууч Б.Мөнхзул:

- Цагдаагийн газар энэ он гарсаар гамшгаас хамгаалах бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хууль тогтоомж зөрчсөн 35 зөрчлийг илрүүлсэн. Шүүхээс хоёр аж ахуйн нэгжийг 5,0 сая, 35 иргэнийг 500,0 мянган төгрөгөөр торгох, нэг хүнийг баривчлах шийтгэл оногдуулсан байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хөдөлгөөний хязгаарлалт зөрчсөн 17, хорио цээрийн дэглэм зөрчиж архи, согтууруулах ундаа борлуулсан 14, үйлчилгээний цагийн хуваарийг хэтрүүлсэн нэг, гэрийн тусгаарлалт зөрчсөн хоёр, морь уралдуулсан нэг зөрчил бүртгэгдсэн гэж мэдээллээ. 

Холбоотой мэдээ