Т.Аюурсайхан: Хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-17 16:43:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан  Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ноён Зафер Атешийг Элчин сайдаар томилогдож ирсэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Тэрбээр, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хийх ажил их байгааг дурдаад, "Монгол, Туркийн парламентын найрамдлын бүлгийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна. 2018 онд Монгол Улсын Их Хурлын дарга Турк улсад албан ёсоор айлчилж, Турк Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэр талууд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 дахин нэмэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэгийн тоог нэмж, аялал жуулчлал, ачаа тээврийн хүчин чадлыг сайжруулан хамтын харилцааг эдийн засгийн агуулгаар харилцан ашигтай хэлбэрээр хөгжүүлэх нь чухал гэж үзэж байгаа. Мөн Хархоринд нисэх буудал барих, Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалуудыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах асуудалд Туркийн талаас анхаарал хандуулж, хамтран ажиллахыг хүсэж байна" гэлээ.


Элчин сайд Зафер Атеш найрсаг дотноор хүлээн авч уулзсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханд талархаж, ахан дүүсийн найрамдалт харилцаатай Монгол Улстай улс төр, хууль тогтоох байгууллага, худалдаа, эдийн засаг, соёл зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Нэн ялангуяа, иргэний агаарын тээвэр, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын зэрэг салбарт хамтын ажиллагаагаа урагшлуулах сонирхолтой байна гэв.


Уулзалтын үеэр талууд боловсрол, соёл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцох болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ