Алтан ишигний эзэн шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-17 17:58:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Эрдэнэхайрхан сумын “Алтан ишиг”-ний эзэн шагналаа гардан авлаа.

Зуны дунд сарын шинийн гуравны билигт сайн өдөр Эрдэнэхайрхан сумын Мөсөн багаас Алтан ишигний эзнээр тодорсон О.Гантөмөрийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч н.Тамир нар гардуулан өглөө.  

Анх 24 малтайгаар малчин болох эхлэлээ тавьсан Гантөмөрийнх өдгөө 2000 гаруй малтай. Үүний 1000 гаруй нь ямаа аж. Тэрээр ямааны үүлдэр угсааг сайжруулахын тулд сүрэгтээ Буурал омгийн ухна тавьж малынхаа үүлдэр, угсааг сайжруулаад буй. Энэ жил төл малаа бүрэн хүлээн авч, жилээс жилд төлийн хорогдолгүй хөдөлмөрлөж байна. Мөн эднийх нутгийнхаа залуу малчдыг дэмжих зорилгоор төлийн 70 хувийг малчинд өгөхөөр гэрээлж эхлээд байгаа. Манай сум өнгөрсөн онд аймагтаа ажил үйлсээрээ хошуучлан манлайлж шилдэг тэргүүний сумаар шалгарсан. Харин энэ жил Алтан ишигний эзэн тодорсон Мөсөн баг нь аймгийн шилдэг багаар шалгарсан билээ. Сумын удирдлагууд малчин бүртэйгээ байнгын харилцаа холбоотой хамтран ажилладаг гэж Эрдэнэхайрхан сумын Засаг дарга А.Балжир мэдээлэв.

Харин шагналаа гардах үеэр: -Алтан ишигний эзэн болсондоо маш их баярлаж байна. Цаг улирлын байдлаас шалтгаалж өвсний өнгө, ургамлын шим, усны тунгалгийг харж, хужир мараа даган бод, бог малаа ялган идээшлүүлэх нь малчин хүний мэдрэмж юм. Ялангуяа уулхархаг нутагт дасан зохицож амьдрах нь ямаан сүрэг. Буурал омгийн ямаа гэхэд байгаль цаг ууртаа дасан зохицсон, ноолуурын гарц сайтай, сүү, мах, гээд ашиг шимээ байнга өгч байдаг. Цаашид хичээнгүйлэн хөдөлмөрлөж, Улсын аварга малчин болохыг хичээнэ” гэж Эрдэнэхайрхан сумын “Алтан ишиг”-ний эзэн, малчин О.Гантөмөр хэллээ. 



Холбоотой мэдээ