Дулааны станцын асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-18 14:35:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын Дулааны станц, дулаан түгээх үйл ажиллагааны талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Аймгийн Засаг дарга Булган хотын дулаан хангамж болох дулаан үйлдвэрлэх, түгээх асуудлыг хоёр өөр удирдлага, зорилго, зохион байгуулалт бүхий хуулийн этгээд гүйцэтгэх нь эдийн засгийн үр ашиггүй тул Дулааны станцыг төрийн мэдэлд авч, нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалтаар хангах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд, Эрчим хүчний сайд, Сангийн сайд, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагад тавьсан байна. Энэ саналын дагуу Эрчим хүчний яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрчим хүчний хөгжлийн төв зэрэг байгууллагын төлөөлөл тус аймагт ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, Энержи плас ХХК, Булган Мээж ХХК, аймгийн удирдлага болон холбогдох хэлтсийн төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо.

            Ажлын хэсгийн гишүүд аймгийн бодлого, чиглэлийг дэмжин Дулааны станцыг төрийн мэдэлд авч, цаашид дулаан үйлдвэрлэх түгээх үйл ажиллагааг нэг компанид төвлөрүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэн, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтсон байна. Дулааны станц нь  аймгийн төвийн дулааны хэрэгцээг төслийн бүрэн хүчин чадлын 50 хувиар хангах, утааг угааж шүүдэг нэн шинэ технолги нэвтрүүлсэн, сүүлийн үеийн шинэ технолгиор тоноглогдсон автомат удирдлагын системтэй 35 мвт-ын хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор аймгийн төвийн дулаан хангамж сайжирч, агаарын бохирдол эрс багассан юм. 

Холбоотой мэдээ