Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-06-18 21:37:58

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг нь газар нутаг багатай ч мал аж ахуй, газар тариалангийн голлох аймгийн нэгд тооцогддог. Энэ ч утгаараа тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Хонгор сум нь тариалангийн бүс нутгаар заагдсан. Газар тариалангийн бүс нутаг болсонтой холбогдуулан бэлчээрийн мал аж ахуйг хэрхэх, тоо бус чанарт анхаарах асуудал хөндөгдөж ирсэн. Тиймээс тус сум тариалангийн бүс нутаг болсонтой холбогдуулан газар тариаланг эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх үе шаттай зохион байгуулж талаар Хонгор сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн мэргэжилтэн Б.Төмөр мэдэгдлээ. Тодруулбал “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах ажлын хүрээнд аймгийн дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.

Малын тоонд бус чанарт анхаарч Хонгор сумын нутаг “Хар бэлчир”-ийн аманд 5 га газарт 236.2 сая төгрөгийн хөрөнгөөр дэд бүтэцтатах, өвөлжөө худаг, ус, эмчилгээ, үржлийн ажил үйлчилгээний цэгийг байгуулахаар ажиллаж байна. Тус газарт махны чиглэлийн 100 толгой гунж, гурван бух 150 сая төгрөгөөр байршуулж эхний жил 100 хээлтэгчээс 93 төл хүлээн авчээ.  Уг үүлдрийн төлийг малчдад түрээсээр ашиглуулах, малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр гэрээ байгуулан ажиллахаар төлөвлөсөн аж. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн 18 сая төгрөгөөр өндөр ашиг шимт махны чиглэлийн Лиммузин, мах-сүүний хосолмол ашиг шимт Симменталь үүлдрийн бухны үрээр 95 өрхийн 365 үнээнд зохиомол хээлтүүлэг хийж төллөлт 77 хувьтай байна.

Түүнчлэн бог малын үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн 25 сая төгрөгөөр Баяд, Керей, Өлгийн улаан зэрэг үүлдрийн хуц, ухна худалдан авахаар тендер зарлажээ.

Ингэж малын тоо, чанарт анхаарч төр-малчин хамтран ажиллах, ашиг шимт үүлдрийн бог, бод өсгөн үржүүлж, бэлчээрийн мал аж ахуйгаас эрчимжсэн мал аж ахуйд шилжих ажил хийж байгаа ажээ. Нэг, хоёр жилийн хугацаанд хэрэгжих боломжгүй ч газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх боломжтой тул ийнхүү ажиллаж байгаа аж.

Түүнчлэн аймаг, сумын засаг даргын захирамжаар мал бүхий иргэдийг газар тариалангийн бүс нутгаас нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг томилогдон төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна. Газар тариалангийн бүс нутагт 750 гаруй малчин, мал бүхий иргэд байгаа аж. Эдгээр өрх, иргэдийг энэ онд бэлчээрийн мал аж ахуйн бүс рүү нүүлгэн шилжүүлэх бөгөөд 20 гаруй өрх өвөлжөө барих ажил хийж эхэлжээ.

 

Холбоотой мэдээ