Шахмал түлшний түүхий эдийг татан төвлөрүүлэх ажил удааширчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-06-21 10:51:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн бэлтгэл хангахад 725 мянга гаруй тн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг шат дараатай татан авах шаардлагатайг “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд салбарын сайдад уламжиллаа.


БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн бүсийн үйлдвэр, нөөцийн талбайн ажилтай амралтын өдрөөр танилцан, сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг бэлтгэх, татан авах, тээврийн зардлыг шийдэх хүрээнд дараах асуудлыг хэлэлцжээ.


Тодруулбал, 2021-2022 оны өвлийн бэлтгэлд шахмал түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 725 мянга гаруй тн шаардлагатай. Нөөцийг шат дараатай татан төвлөрүүлэх тээвэрлэлтийн зардлыг шийдэх, баруун бүсийн үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, нүүлгэх ажлыг зохион байгуулна. Мөн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг оруулж, айл өрхийг сайжруулсан түлшээр хангахын тулд үйлдвэрлэлийг 20 хувиар нэмэгдүүлэхийг шийдэх, эдгээрт шаардагдах төсөв, зардлыг шийдэж өвлийг өнтэй давах бэлтгэлийг зундаа базааж дуусгах чиглэлээр ажиллажээ.


Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг таслахгүй хангах бэлтгэлийг цаг хугацаанд нь гүйцэтгэхдээ агаар, орчны бохирдлын үнэлгээг тухай бүрд нь хийхийг БОАЖ-ын сайд Н.Уртнасан онцоллоо.


Өнгөрсөн онд агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрөв хуваан, хамрах хороодын тоог заасан. “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн үйлдвэр энэ бүсийн айл өрхийн түлшний хэрэглээг хангахад 525 мянган тн шахмал түлш үйлдвэрлэжээ.


Энэ онд 725  мянга гаруй тн түлшний түүхий эдийг шат дараатай татан авах бөгөөд одоогоор баруун бүсийн үйлдвэрт 26 мянга, зүүн бүсийн үйлдвэрт 28 мянга, Төв аймгийн нөөцийн талбайд 73 мянган тн түүхийн эдийн буюу мидлингийн, 855 тн барьцалдуулагчийн нөөцтэй байна.


Цар тахлын нөлөөгөөр түүхий эд татан авах, техник хэрэгслийн сэлбэг, хангамжийн нийлүүлэлт удааширч, одоогоор 26 машин сул зогсож байгаа аж. Түүнчлэн тээврийн хэрэгслийн ачааны жингийн хязгаарлалт, зөөвөрлөлтийн маршрутын 60 км нь шороон замтай байгаа зэрэг тулгамдсан асуудлаа “Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд танилцуулжээ.

 

Холбоотой мэдээ