Халдвар авсан иргэдийн 27,0 хувь хүүхэд байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-21 19:00:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс коронавирусний нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 83 тохиолдол шинээр батлагдаж, нийт халдварын 577 тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд Хутаг-Өндөр суманд 19, Булганд 23, Могодод гурав, Рашаантад 16, Хишиг-Өндөртт 13, Гурванбулагт зургаа, Дашинчилэн суманд гурав, Хялганат тосгонд 10 тохиолдол нэмэгдсэн байна. Халдвар бүртгэгдсэнээс хойш гурван иргэн Булган суманд нас барлаа.

Коронавирусний халдварын түргэвчилсэн шинжилгээг 17 цэгт хийж байна. Бүх сум, тосгонд нэг цэг ажиллаж байгаа. Коронавирусний халдвар авч эмчлүүлж байгаа иргэдээс биеийн байдал нь хүнд хоёр, хүндэвтэр гурав, хөнгөн 188 байна. Нэн хүнд хүн байхгүй. Халдвар авсан бүх иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Нэг ч иргэнийг эмнэлгээс гадуур эмчилсэн тохиолдол байхгүй гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн 27,0 хувь хүүхэд байна. Хүүхдийн өвчлөлийн хувьд шинж тэмдэг улирлын томуутай андуурч хугацаа алдах магадлалтай байгааг анхаарууллаа.

Холбоотой мэдээ