Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-06-22 16:52:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.


Хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу УИХ 1995 оны 4 дүгээр сарын 21-нд Хувь хүний нууцын тухай хуулийг баталсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Шинээр оруулж буй Хувь хүний нууцын тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгасан. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан.

Тодруулбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болно

" гэв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төсөл санаачлагчаас УИХ-ын гишүүд асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар хувийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд ашиглаж байгааг дурдаад үүнийг хуульд хэрхэн тусгасан талаар асуув. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, хувь хүний мэдээллийг зөвхөн төрийн байгууллага ашиглаад зогсохгүй үйлчилгээний бүхий л байгууллагууд ашиглаж байна. Тухайлбал, дэлгүүр болон бусад үйлчилгээний байгууллагууд хувь хүний хурууны хээг заавал уншуулах шаардлага тавьдаг. Энэ нь тухайн байгууллагын дотоод журам гэсэн тайлбар хийдэг. Иймд уг хуулийг баталснаар энэ байдлыг халахаар зохицуулсан гэв.


Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураахад гишүүдийн олонх үзэл баримтлалын хувьд хэлэлцэхийг дэмжлээ.

Холбоотой мэдээ