Монгол, Италийн бизнес форумыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцов

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-06-23 10:39:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комисс (ЗГХХК)-ын 3 дугаар хуралдаан өчигдөр цахимаар боллоо.


Комиссын Монголын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Италийн хэсгийг Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Де Стефано нар даргалав. Хуралдаанаар хоёр талын худалдаа, эдийн засаг, тэр дундаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл, боловсрол, эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, барилга, хот байгуулалтын салбарын харилцааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. Хуралдааны үр дүнгээр Протокол байгуулж, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гарын үсэг зурлаа.


Монгол Улсын худалдааны чухал түнш, манай ноолуурын экспортын Европ дахь томоохон зах зээлийн нэг Итали Улсын хөдөө аж ахуйн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, туршлага судлахад Италийн талаас дэмжихээ илэрхийлжээ. Мөн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалт явуулахад дэмжлэг үзүүлэхээр тохиров.


Монгол Улсын Засгийн газрын арьс, шир боловсруулах цогцолбор үйлдвэр байгуулах төсөлд Итали Улстай хамтран ажиллах, Италийн санхүүгийн даатгал, бүтээгдэхүүн үйлчилгээний байгууллагаас хөрөнгө оруулалт татах сонирхолтой буйгаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан илэрхийллээ.


Хоёр талын бизнес эрхлэгч хооронд шууд холбоо тогтоох, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж хоорондын бизнес форумыг ойрын хугацаанд зохион байгуулахаар хуралдааны үеэр тохиролцсон байна.

Холбоотой мэдээ